Thursday, April 1, 2010

Арсенал 2:2 Барселона


Аваргуудын лигийн шөвгийн 8-ын Арсенал – Барселона хосын эхний тоглолт Лондон хотноо “Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Зочид эхний хагасыг маш гайхалтай тоглолтоор чимж, Арсеналыг бүрэн давамгайлсан ч харамсалтай нь гоол хийж чадаагүй. Ялангуяа эхний 15-хан минутанд нийт 9 цохилт, үүний 5 нь хаалга руу чиглэсэн байжээ. Арсеналын хаалгач Алмуниа олон удаа багаа аварсан хаалтууд хийж байв. Харин 2-р үе дөнгөж эхлээд Чавигийн дамжуулалтаар Златан Ибрахимович тоглолтын салхийг хагалсан бөгөөд үүнээс удалгүй Пикегийн дамжуулалтаар Швед эр дахин 1 гоол хийж Барса бараг л дараагийн шатанд шалгарах эрхээ аваад байв. Гэвч Арсенал бууж өгсөнгүй, Тео Уолкотт сэлгээгээр орж ирээд өөрийн хурдаа харуулж гоодсоноор тоог 2:1 болгосон. Уолкоттийн гоолоос хойш Арсеналын тоглолт илт сэргэсэн бөгөөд 83 дахь минутанд Фабрегасийг Пуойль өөрийн 16 дотор унагасан гэж шүүгч үзээд 11 метрийн цохилт заажээ. Энэ боломжийг Фабрегас алдсангүй, тоог 2:2 болгосон байна. Ингээд тоглолт тэнцээгээр дуусав. Энэ бол Барсад ашигтай үр дүн хэдий ч Уолкоттийн гоол ортол буюу 69 дэх минут хүртэл илт давамгай тоглочихоод 2 гоолын давуу байдлаа алдсан гэхээр бас харамсалтай. Мөн хариу тоглолтонд төвийн хамгаалалтын шилдэг хослол болох Пуойль, Пикегүй тоглох болж байна. Пуойль Фабрегас дээр гаргасан алдааныхаа улмаас улаан хуудас авсан бол Пике өмнө нь шар хуудастай байсан, 2-р үед шар хуудас авснаар нэг тоглолт өнжих болжээ. Гэхдээ Пуойльд улаан хуудас өгсөн шүүгчийн шийдвэр алдаа байсан болов уу.

Арсенал сайхан барилт хийж 2:2-оор тэнцсэндээ баяртай байгаа байх. Гэхдээ талбайн эзэн багийн хувьд энэ нь тийм ч сайн үр дүн биш. Бас тоглолтын эхний 65 минутанд үнэхээр юу ч хийж чадаагүй. Барса талбай дээрээ бүр л сайн тоглоно. Мөн багийн ахлагч Фабрегас нь 2 дахь шар хуудсаа авснаар хариу тоглолтонд оролцох эрхгүй болсон. Оролцох эрх нь байлаа ч түүний гэмтэл хөнгөн биш байгаа гэсэн. Фабрегасаас гадна У. Галлас тоглохгүй, Галласийн хувьд бүр энэ улирал дуусаж байгаа бололтой.

Тоглолтын 77 дахь минутанд 2 гоол хийсэн Златан Ибрахимовичийг Тьерри Анригаас сэлгэсэн бөгөөд Анриг Арсеналын фэнүүд халуун дотноор хүлээн авсан. Анри Арсеналд гайхалтай 8 улирал тоглож, легендийн хэмжээнд үнэлэгддэг хүн болохоор арга ч үгүй биз. Гэхдээ Анри талбай дээр гарч ирээд юу ч хийж чадаагүй болно.

Тоглолтын дараа Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола: “Бид маш олон боломж гаргасан, бид тоглолтыг удирдаж байсан. Би багийнхаа үзүүлсэн тоглолтоор бахархаж байна. Дараагийн шатанд шалгарах сайхан боломж гарлаа. Үр дүнд сэтгэл хангалуун байна. Златан үнэхээр сайхан 2 гоол хийсэнд баяртай байна” гэжээ. Гэхдээ Златан эхний үед дор хаяж 2 ч гоол хийх боломжоо ашиглаж чадаагүй.

Харин Фабрегас: “Миний хөл сайнгүй байна.Бид маргаашийг хүлээх хэрэгтэй, маргааш илүү тодорхой зүйл хэлж болох байх. Гэхдээ бид энэ улиралд Арсеналын цамцыг дахин өмсөнө гэдэгт найдаж байна. Муугаар бодоход ямар нэг зүйл хугарсан байж магадгүй, үүнээс их айж байна. Би сайн мэдээ ирнэ гэж бодохгүй байгаа ч итгэсээр байна” гэжээ. Түүний ярьснаас харвал гэмтэл нь хүнд бололтой.

Хариу тоглолт ирэх долоо хоногт Ноу Камп цэнгэлдэхэд болох бөгөөд Пуойль, Пике, Фабрегас, Галлас зэрэг 2 багийн гол тоглогчид тоглохгүй нь.

Арсенал — Барселона 2:2

Гоол: Уолкотт, 69; Фабрегас, 85-пен – Ибрагимович, 46, 59
Арсенал: Альмуния, Диаби, Санья (Уолкотт, 66), Фабрегас, Вермален, Насри, Галлас (Денилсон, 44), Сонг, Клиши, Аршавин (Эбуэ, 27), Бендтнер
Барселона: Вальдес, Алвес, Пике, Пуйоль, Хави, Ибрагимович (Анри, 77), Месси (Милито, 87), Кейта, Бускетс, Родригес, Максвелл
Шар хуудас: Аршавин, 21; Сонг, 40; Фабрегас, 44; Эбуэ, 74; Диаби, 79 – Пике, 72
Улаан хуудас: Пуйоль, 84
Шүүгч: Бузакка (Швейцарь)
Лондон. “Эмирейтс”

No comments:

Post a Comment