Thursday, April 1, 2010
Арсенал 2:2 Барселона

Аваргуудын лигийн шөвгийн 8-ын Арсенал – Барселона хосын эхний тоглолт Лондон хотноо “Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Зочид эхний хагасыг маш гайхалтай тоглолтоор чимж, Арсеналыг бүрэн давамгайлсан ч харамсалтай нь гоол хийж чадаагүй. Ялангуяа эхний 15-хан минутанд нийт 9 цохилт, үүний 5 нь хаалга руу чиглэсэн байжээ. Арсеналын хаалгач Алмуниа олон удаа багаа аварсан хаалтууд хийж байв. Харин 2-р үе дөнгөж эхлээд Чавигийн дамжуулалтаар Златан Ибрахимович тоглолтын салхийг хагалсан бөгөөд үүнээс удалгүй Пикегийн дамжуулалтаар Швед эр дахин 1 гоол хийж Барса бараг л дараагийн шатанд шалгарах эрхээ аваад байв. Гэвч Арсенал бууж өгсөнгүй, Тео Уолкотт сэлгээгээр орж ирээд өөрийн хурдаа харуулж гоодсоноор тоог 2:1 болгосон. Уолкоттийн гоолоос хойш Арсеналын тоглолт илт сэргэсэн бөгөөд 83 дахь минутанд Фабрегасийг Пуойль өөрийн 16 дотор унагасан гэж шүүгч үзээд 11 метрийн цохилт заажээ. Энэ боломжийг Фабрегас алдсангүй, тоог 2:2 болгосон байна. Ингээд тоглолт тэнцээгээр дуусав. Энэ бол Барсад ашигтай үр дүн хэдий ч Уолкоттийн гоол ортол буюу 69 дэх минут хүртэл илт давамгай тоглочихоод 2 гоолын давуу байдлаа алдсан гэхээр бас харамсалтай. Мөн хариу тоглолтонд төвийн хамгаалалтын шилдэг хослол болох Пуойль, Пикегүй тоглох болж байна. Пуойль Фабрегас дээр гаргасан алдааныхаа улмаас улаан хуудас авсан бол Пике өмнө нь шар хуудастай байсан, 2-р үед шар хуудас авснаар нэг тоглолт өнжих болжээ. Гэхдээ Пуойльд улаан хуудас өгсөн шүүгчийн шийдвэр алдаа байсан болов уу.
Арсенал сайхан барилт хийж 2:2-оор тэнцсэндээ баяртай байгаа байх. Гэхдээ талбайн эзэн багийн хувьд энэ нь тийм ч сайн үр дүн биш. Бас тоглолтын эхний 65 минутанд үнэхээр юу ч хийж чадаагүй. Барса талбай дээрээ бүр л сайн тоглоно. Мөн багийн ахлагч Фабрегас нь 2 дахь шар хуудсаа авснаар хариу тоглолтонд оролцох эрхгүй болсон. Оролцох эрх нь байлаа ч түүний гэмтэл хөнгөн биш байгаа гэсэн. Фабрегасаас гадна У. Галлас тоглохгүй, Галласийн хувьд бүр энэ улирал дуусаж байгаа бололтой.
Тоглолтын 77 дахь минутанд 2 гоол хийсэн Златан Ибрахимовичийг Тьерри Анригаас сэлгэсэн бөгөөд Анриг Арсеналын фэнүүд халуун дотноор хүлээн авсан. Анри Арсеналд гайхалтай 8 улирал тоглож, легендийн хэмжээнд үнэлэгддэг хүн болохоор арга ч үгүй биз. Гэхдээ Анри талбай дээр гарч ирээд юу ч хийж чадаагүй болно.
Тоглолтын дараа Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола: “Бид маш олон боломж гаргасан, бид тоглолтыг удирдаж байсан. Би багийнхаа үзүүлсэн тоглолтоор бахархаж байна. Дараагийн шатанд шалгарах сайхан боломж гарлаа. Үр дүнд сэтгэл хангалуун байна. Златан үнэхээр сайхан 2 гоол хийсэнд баяртай байна” гэжээ. Гэхдээ Златан эхний үед дор хаяж 2 ч гоол хийх боломжоо ашиглаж чадаагүй.
Харин Фабрегас: “Миний хөл сайнгүй байна.Бид маргаашийг хүлээх хэрэгтэй, маргааш илүү тодорхой зүйл хэлж болох байх. Гэхдээ бид энэ улиралд Арсеналын цамцыг дахин өмсөнө гэдэгт найдаж байна. Муугаар бодоход ямар нэг зүйл хугарсан байж магадгүй, үүнээс их айж байна. Би сайн мэдээ ирнэ гэж бодохгүй байгаа ч итгэсээр байна” гэжээ. Түүний ярьснаас харвал гэмтэл нь хүнд бололтой.
Хариу тоглолт ирэх долоо хоногт Ноу Камп цэнгэлдэхэд болох бөгөөд Пуойль, Пике, Фабрегас, Галлас зэрэг 2 багийн гол тоглогчид тоглохгүй нь.
Арсенал — Барселона 2:2
Гоол: Уолкотт, 69; Фабрегас, 85-пен – Ибрагимович, 46, 59
Арсенал: Альмуния, Диаби, Санья (Уолкотт, 66), Фабрегас, Вермален, Насри, Галлас (Денилсон, 44), Сонг, Клиши, Аршавин (Эбуэ, 27), Бендтнер
Барселона: Вальдес, Алвес, Пике, Пуйоль, Хави, Ибрагимович (Анри, 77), Месси (Милито, 87), Кейта, Бускетс, Родригес, Максвелл
Шар хуудас: Аршавин, 21; Сонг, 40; Фабрегас, 44; Эбуэ, 74; Диаби, 79 – Пике, 72
Улаан хуудас: Пуйоль, 84
Шүүгч: Бузакка (Швейцарь)
Лондон. “Эмирейтс”
Дэлгэрэнгүй...
Эрик Абидаль
Эрик АбидальЭрик Абидаль Лионд төрсөн бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа Францад эхэлжээ. Түүнтэй Жиогийн орон зайг нөхөхөөр гэрээ байгуулж байсан юм.
Абидаль (11/9/1979) Барсад ирэхээсээ өмнө Францын 4 клубт хүчин зүтгэж байсан. Түүний анхны мэргэжлийн клуб нь 1999-2000 онд Францын CFA2 лигид байсан Лион-ла-Дучере юм. Жилийн дараа 1-р лигийн Монакоруу явж дебютээ Тулусе-н эсрэг 2000 оны 9-р сарын 16 өдөр хийсэн байна. Монакод үдсэн 2 жилийн хугацаанд тэрээр баг дахь өөрийн байр сууриа бэхжүүлж чадсанаар багийн гол тоглогчдыг нэг болжээ.
2002 оны зун Эрик Абидаль Лиллерүү шилжиж 2 жилийг тэнд өнгөрөөхдөө дээрхи улирлуудын бараг бүх тоглолтод оролцов. 2003-2004 онд л гэхэд Лигийн 38 тоглолтын 35-д нь мань эр тоглосон байна.
Улирлын төгсгөлд жигүүрийн хамгаалагч маань Олимпик Лион багийн төлөө зүтгэхээр төрөлх нутагруугаа буцсан юм. 2004 оны 8-р сарын 18-ны өдөр тэрээр олон улсын анхны тэмцээндээ оролцож Боснийн багийн эсрэг тоглов.
2006 оны дэлхийн аваргын тэмцээнд Францын баг дэд аварга болоход тэрээр багийнхаа 7 тоглолтын 6-д нь 90 минутын турш талбайд тогложээ.
Абидаль Лион клубт амжилтаар дүүрэн 3 улирлыг өнгөрүүлсэн бөгөөд сүүлийн жилд нь 31 тоглолтод оролцож клубээ ээлжит лигийн аварга болоход тусалсан юм. Түүнчлэн 2006-2007 онд Аваргуудын Лигийн 7 тоглолт, олон улсын 10 тоглолтод оролцжээ.
2007 оны зун Эрик Абидаль Барселона багт ирэв. Франц залуу маань Лигийн 30, Аваргуудын Лигийн 10, Цомын төлөөх 6 тоглолтод оролцож зүүн жигүүрийн хамгаалагчийн үүргээ Силвиньотой ээлжлэн гүйцэтгэж байсан ч Франк Райкаард түүнийг төвийн хамгаалагчаар тоглуулсан тохиолдол ч байдаг. Улирлын төгсгөлд тэрээр Евро 2008-д Францын шигшээ багт багтсан.
Абидаль 2008/2009 онд хэд хэдэн удаа гэмтэж байсан ч эргэн ирэх бүрдээ гайхалтай тоглолт үзүүлсээр байв. Тэрээр өнгөрөгч улирал 31 тоглолтод оролцож, Барсагийн зүүн жигүүрийг найдвартай манаж байв. Стэмфорд брижд болсон тоглолтод эргэлзээтэй шүүлтийн улмаас улаан хуудас авч финалын тоглолтыг өнжиж байв.
Шигтгээ
Эрик Абидаль бол зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглохоор заяагдсан хүн гэж хэлж болох ч түүний биеийн хэмжээ нь (186 см, 75 кг) төвийн хамгаалагчийн байрлалд ч хялбархан тоглож чадах боломжийг түүнд олгодог.
Тэрээр эсрэг багийн талбайн жигүүрээр гүйж довтлогчдийг хөндлөн дамжуулалтаар дэмжиж тоглох дуртай. Авъяаслаг, тактикийн тоглолтод зохицох чадвар сайтайн дээр өөрийн үндсэн байрлалдаа өндрөөр үнэлэгддэг тоглогч юм.
Гавъяа шагнал
2004/2005 Лигийн аварга
2005/2006 Лигийн аварга
2006/2007 Лигийн аварга
2004/2005 Францын цомын аварга
2005/2006 Францын цомын аварга
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга
Францын Шигшээ багт
2006 оны Дэлхийн Аваргын Дэд байр
Дэлгэрэнгүй...
Карлес Пуёоль Сафоркада
Карлес Пуёоль Сафоркада Карлес Пуёолийн хөлбөмбөгчний замнал түүний төрсөн жижигхэн хотод орших орон нутгийн бяцхан багаас эхэлжээ. Түүний авъяас тун удалгүй олон түмний нүдний өмнө ил болсон бөгөөд 17 настайдаа Барселон клубтэй гэрээ байгуулан Ла Масиа дахь хөлбөмбөгийн академид элсэн оржээ.
Барселоны Б багт маш хурднаар өөрийн байр сууриа баттай олсон Пуёолийг дасгалжуулагч Луй Ван Гааль 1999 оны аравдугаар сарын 2-нд Ваяадолидын эсрэг тоглолтод оролцуулснаар нэгдүгээр багт дебютээ хийжээ. Тэрээр баруун хамгаалагчийн байрлалд тоглох болсноор энэ байрлал түүний нэрийн хуудас болсон юм. Байрлал эзлэх чадвар, шийдвэр гаргах байдал, хичээл зүтгэл, хөдөлмөр нь түүнийг төвийн хамгаалагчийн байрлалд тоглох чадвартайг нь илтгэх болов.
2003-2004 оны улиралд тэрээр багийн гуравдугаар ахлагчаар сонгогдсон бөгөөд өөрийн тоглож буй багийн амин чухал байрлалд бат найдвартай зогссноор Барселон клуб Ла лигийн дэд аварга болсон билээ. Энэ улиралд Пуёоль лигийн 27 тоглолт, УЕФА –ийн цомын 7 тоглолтод оролцсон байна.
Пуёоль Барсагийн бүрэлдэхүүн дэх анхны медалиа 2005-2006 оны улиралд хүртсэн юм. Тэр улирал Райкаард Пуёольд Барселон багийн ахлагчийн туузыг зүүлгэсэн нь Барселон клуб лигийн аварга болгоход үнэлж баршгүй тус хүргэсэн юм. Улирлын төгсгөлд Пуёолийн хүсэл биелж, Камп Ноудаа аваргын цомыг хүртсэн байна.
2005-2006 оны улиралд тэрээр багийн ахлагчаар баттай тоглох болж, лигийн аваргын титмийг хүртэж, Парист болсон Аваргуудын лигийн финалын тоглолтод Арсеналыг хожиж, мөнхөд дурсагдах ялалт байгуулахад түүний байгуулсан гавъяа асар их билээ. Энэ улирал Пуёоль гэмтэл бэртэл аваагүйгээс гадна тавхан тоглолтод оролцож чадаагүй бөгөөд бусад бүх тоглолтод оролцон тогложээ. Энэ таван тоглолтын гуравт нь Франк Райкаард түүнийг амраасан бөгөөд үлдсэн 2 нь картын улмаас оролцоогүй билээ. 2005 оны аравдугаар сарын 30-нд Барса Реал Сосиедад багийг 5-0 харьцаагаар хожиход нэг гоалыг нь Пуёоль мөргөж оруулсан байна.
2006-2007 оны улирлын төгсгөлд гэмтэл авсан ч шүд зуун тоглож (38 тойргийн 35-д нь тоглосон), улирлыг дуусгасан билээ. Энэ гэмтэл нь түүний замнал дахь хамгийн анхны гэмтэл байв. 2007 оны зургадугаар сарын 20-нд ӨАБНУ-ын нийслэл Преторид хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр өвдөгний шөрмөсөндөө гэмтэл авч, есдүгээр сарын 29 хүртэл талбайд гарч чадсангүй. 2007-2008 оны улирлын эхний сарыг өнжсөн ахмад маань үлдсэн 30 тоглолтод оролцсон байна.
Мөн Карлес Пуёоль нь Испанийн үндэсний шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд 2002, 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, 2004, 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон билээ. Венад Испаничууд ялалт байгуулан Европын тэргүүн багаар тодроход тэрээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Гуардиолагийн багийн хамгаалалтын цөм болсон “Арслан зүрхт” ахлагч маань бүх л улирлын турш жинхэнэ шилдэг тоглогч байлаа. Улирлын дундуур дутагдалтай байгаа баруун, зүүн, төвийн хамгаалалтын хэсэгт тоглож, оногдсон үүргээ онц сайн биелүүлж байв.Тэрээр хамгаалалтандаа ч онцгой байгаад зогсохгүй, Бернабеуд заналт өрсөлдөгч Реалыг 6-2 харьцаагаар бут ниргэхэд Тэргүүллийн гоолыг авчирч багийн ахлагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. Ромд ялалт байгуулснаар Барсагийн ахлагчийн хувиар Аваргуудын лигийн хошой цом хүртсэн анхны хөлбөмбөгч болсон байна.
Шигтгээ
Карлес Пуёоль нэгдүгээр багт анх дэвшихдээ баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан ч ур чадвар нь өдрөөс өдөрт сайжирч аугаа төвийн хамгаалагчдын нэг болсон юм. Тэрээр гайхалтай сайн эрүүл чийрэг биетэй, ногоон талбай дээр хатуу чанга сахилга баттай байдал үүсгэж чаддагаараа бусдаас онцгойрдог байна. Тэр бол багийн тоглогч гэж ямар байх ёстойг илэрхийлэгч төгс төгөлдөр үлгэр жишээ бөгөөд хэзээ ч сандардаггүй байдал, эсрэг талын довтолгоог таслан зогсоох өөрийн үндсэн ажлаа маш сайн гүйцэтгэдэгээрээ онцгойрдог.
Пуёоль багийн нөхцөл байдал таагүй байх үед зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд сайн тоглож чаддагаа харуулсан. Ялангуяа тийм ч өндөр биш (178 см) ч хүчний тоглолт сайн хийдэг, агаарт тэмцэлдэх чадвар сайтай бөгөөд эсрэг багийн довтлогчдыг барьж тоглохдоо гаргуун сайн гэгдхээс гадна довтолгоог сайн дэмждэг, булангийн цохилтын үед ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ талархал, бахархлыг хүлээдэг билээ.
Мөн үүнээс гадна Карлес Пуёоль нь багийнхандаа оновчтой зөвлөгөө, сануулга өгөх удирдагчийн зан чанар, авъяас билиг төгөлдөр гэж хүндлэгдэхийн зэрэгцээ Барсагийн төлөө гэх зүрх сэтгэл нь түүнийг эгнэгт тодотгож байдаг.
Гавъяа шагнал
Барлесона клубт
2006-2007 Испанийн супер цом
2005-2006 Аваргуудын лигийн аварга
2005-2006 Ла лигийн аварга
2005-2006 Испанийн супер цом
2004-2005 Ла лигийн аварга
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга
Испанийн хөлбөмбөгийн үндэсий шигшээ багт
2002-2003 Францын лигийн цом
1999-2000 Лиг 1-ийн аварга
Мексикийн шигшээ багт
2008 Европын аварга
2000 Сиднейн Олимпийн тоглолтын мөнгөн медаль
Дэлгэрэнгүй...
