Thursday, April 1, 2010

Арсенал 2:2 Барселона


Аваргуудын лигийн шөвгийн 8-ын Арсенал – Барселона хосын эхний тоглолт Лондон хотноо “Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Зочид эхний хагасыг маш гайхалтай тоглолтоор чимж, Арсеналыг бүрэн давамгайлсан ч харамсалтай нь гоол хийж чадаагүй. Ялангуяа эхний 15-хан минутанд нийт 9 цохилт, үүний 5 нь хаалга руу чиглэсэн байжээ. Арсеналын хаалгач Алмуниа олон удаа багаа аварсан хаалтууд хийж байв. Харин 2-р үе дөнгөж эхлээд Чавигийн дамжуулалтаар Златан Ибрахимович тоглолтын салхийг хагалсан бөгөөд үүнээс удалгүй Пикегийн дамжуулалтаар Швед эр дахин 1 гоол хийж Барса бараг л дараагийн шатанд шалгарах эрхээ аваад байв. Гэвч Арсенал бууж өгсөнгүй, Тео Уолкотт сэлгээгээр орж ирээд өөрийн хурдаа харуулж гоодсоноор тоог 2:1 болгосон. Уолкоттийн гоолоос хойш Арсеналын тоглолт илт сэргэсэн бөгөөд 83 дахь минутанд Фабрегасийг Пуойль өөрийн 16 дотор унагасан гэж шүүгч үзээд 11 метрийн цохилт заажээ. Энэ боломжийг Фабрегас алдсангүй, тоог 2:2 болгосон байна. Ингээд тоглолт тэнцээгээр дуусав. Энэ бол Барсад ашигтай үр дүн хэдий ч Уолкоттийн гоол ортол буюу 69 дэх минут хүртэл илт давамгай тоглочихоод 2 гоолын давуу байдлаа алдсан гэхээр бас харамсалтай. Мөн хариу тоглолтонд төвийн хамгаалалтын шилдэг хослол болох Пуойль, Пикегүй тоглох болж байна. Пуойль Фабрегас дээр гаргасан алдааныхаа улмаас улаан хуудас авсан бол Пике өмнө нь шар хуудастай байсан, 2-р үед шар хуудас авснаар нэг тоглолт өнжих болжээ. Гэхдээ Пуойльд улаан хуудас өгсөн шүүгчийн шийдвэр алдаа байсан болов уу.

Арсенал сайхан барилт хийж 2:2-оор тэнцсэндээ баяртай байгаа байх. Гэхдээ талбайн эзэн багийн хувьд энэ нь тийм ч сайн үр дүн биш. Бас тоглолтын эхний 65 минутанд үнэхээр юу ч хийж чадаагүй. Барса талбай дээрээ бүр л сайн тоглоно. Мөн багийн ахлагч Фабрегас нь 2 дахь шар хуудсаа авснаар хариу тоглолтонд оролцох эрхгүй болсон. Оролцох эрх нь байлаа ч түүний гэмтэл хөнгөн биш байгаа гэсэн. Фабрегасаас гадна У. Галлас тоглохгүй, Галласийн хувьд бүр энэ улирал дуусаж байгаа бололтой.

Тоглолтын 77 дахь минутанд 2 гоол хийсэн Златан Ибрахимовичийг Тьерри Анригаас сэлгэсэн бөгөөд Анриг Арсеналын фэнүүд халуун дотноор хүлээн авсан. Анри Арсеналд гайхалтай 8 улирал тоглож, легендийн хэмжээнд үнэлэгддэг хүн болохоор арга ч үгүй биз. Гэхдээ Анри талбай дээр гарч ирээд юу ч хийж чадаагүй болно.

Тоглолтын дараа Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола: “Бид маш олон боломж гаргасан, бид тоглолтыг удирдаж байсан. Би багийнхаа үзүүлсэн тоглолтоор бахархаж байна. Дараагийн шатанд шалгарах сайхан боломж гарлаа. Үр дүнд сэтгэл хангалуун байна. Златан үнэхээр сайхан 2 гоол хийсэнд баяртай байна” гэжээ. Гэхдээ Златан эхний үед дор хаяж 2 ч гоол хийх боломжоо ашиглаж чадаагүй.

Харин Фабрегас: “Миний хөл сайнгүй байна.Бид маргаашийг хүлээх хэрэгтэй, маргааш илүү тодорхой зүйл хэлж болох байх. Гэхдээ бид энэ улиралд Арсеналын цамцыг дахин өмсөнө гэдэгт найдаж байна. Муугаар бодоход ямар нэг зүйл хугарсан байж магадгүй, үүнээс их айж байна. Би сайн мэдээ ирнэ гэж бодохгүй байгаа ч итгэсээр байна” гэжээ. Түүний ярьснаас харвал гэмтэл нь хүнд бололтой.

Хариу тоглолт ирэх долоо хоногт Ноу Камп цэнгэлдэхэд болох бөгөөд Пуойль, Пике, Фабрегас, Галлас зэрэг 2 багийн гол тоглогчид тоглохгүй нь.

Арсенал — Барселона 2:2

Гоол: Уолкотт, 69; Фабрегас, 85-пен – Ибрагимович, 46, 59
Арсенал: Альмуния, Диаби, Санья (Уолкотт, 66), Фабрегас, Вермален, Насри, Галлас (Денилсон, 44), Сонг, Клиши, Аршавин (Эбуэ, 27), Бендтнер
Барселона: Вальдес, Алвес, Пике, Пуйоль, Хави, Ибрагимович (Анри, 77), Месси (Милито, 87), Кейта, Бускетс, Родригес, Максвелл
Шар хуудас: Аршавин, 21; Сонг, 40; Фабрегас, 44; Эбуэ, 74; Диаби, 79 – Пике, 72
Улаан хуудас: Пуйоль, 84
Шүүгч: Бузакка (Швейцарь)
Лондон. “Эмирейтс”

Дэлгэрэнгүй...

Эрик Абидаль

Эрик Абидаль

Эрик Абидаль Лионд төрсөн бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа Францад эхэлжээ. Түүнтэй Жиогийн орон зайг нөхөхөөр гэрээ байгуулж байсан юм.

Абидаль (11/9/1979) Барсад ирэхээсээ өмнө Францын 4 клубт хүчин зүтгэж байсан. Түүний анхны мэргэжлийн клуб нь 1999-2000 онд Францын CFA2 лигид байсан Лион-ла-Дучере юм. Жилийн дараа 1-р лигийн Монакоруу явж дебютээ Тулусе-н эсрэг 2000 оны 9-р сарын 16 өдөр хийсэн байна. Монакод үдсэн 2 жилийн хугацаанд тэрээр баг дахь өөрийн байр сууриа бэхжүүлж чадсанаар багийн гол тоглогчдыг нэг болжээ.

2002 оны зун Эрик Абидаль Лиллерүү шилжиж 2 жилийг тэнд өнгөрөөхдөө дээрхи улирлуудын бараг бүх тоглолтод оролцов. 2003-2004 онд л гэхэд Лигийн 38 тоглолтын 35-д нь мань эр тоглосон байна.

Улирлын төгсгөлд жигүүрийн хамгаалагч маань Олимпик Лион багийн төлөө зүтгэхээр төрөлх нутагруугаа буцсан юм. 2004 оны 8-р сарын 18-ны өдөр тэрээр олон улсын анхны тэмцээндээ оролцож Боснийн багийн эсрэг тоглов.

2006 оны дэлхийн аваргын тэмцээнд Францын баг дэд аварга болоход тэрээр багийнхаа 7 тоглолтын 6-д нь 90 минутын турш талбайд тогложээ.

Абидаль Лион клубт амжилтаар дүүрэн 3 улирлыг өнгөрүүлсэн бөгөөд сүүлийн жилд нь 31 тоглолтод оролцож клубээ ээлжит лигийн аварга болоход тусалсан юм. Түүнчлэн 2006-2007 онд Аваргуудын Лигийн 7 тоглолт, олон улсын 10 тоглолтод оролцжээ.

2007 оны зун Эрик Абидаль Барселона багт ирэв. Франц залуу маань Лигийн 30, Аваргуудын Лигийн 10, Цомын төлөөх 6 тоглолтод оролцож зүүн жигүүрийн хамгаалагчийн үүргээ Силвиньотой ээлжлэн гүйцэтгэж байсан ч Франк Райкаард түүнийг төвийн хамгаалагчаар тоглуулсан тохиолдол ч байдаг. Улирлын төгсгөлд тэрээр Евро 2008-д Францын шигшээ багт багтсан.

Абидаль 2008/2009 онд хэд хэдэн удаа гэмтэж байсан ч эргэн ирэх бүрдээ гайхалтай тоглолт үзүүлсээр байв. Тэрээр өнгөрөгч улирал 31 тоглолтод оролцож, Барсагийн зүүн жигүүрийг найдвартай манаж байв. Стэмфорд брижд болсон тоглолтод эргэлзээтэй шүүлтийн улмаас улаан хуудас авч финалын тоглолтыг өнжиж байв.

Шигтгээ

Эрик Абидаль бол зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглохоор заяагдсан хүн гэж хэлж болох ч түүний биеийн хэмжээ нь (186 см, 75 кг) төвийн хамгаалагчийн байрлалд ч хялбархан тоглож чадах боломжийг түүнд олгодог.

Тэрээр эсрэг багийн талбайн жигүүрээр гүйж довтлогчдийг хөндлөн дамжуулалтаар дэмжиж тоглох дуртай. Авъяаслаг, тактикийн тоглолтод зохицох чадвар сайтайн дээр өөрийн үндсэн байрлалдаа өндрөөр үнэлэгддэг тоглогч юм.

Гавъяа шагнал

2004/2005 Лигийн аварга
2005/2006 Лигийн аварга
2006/2007 Лигийн аварга
2004/2005 Францын цомын аварга
2005/2006 Францын цомын аварга
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга

Францын Шигшээ багт

2006 оны Дэлхийн Аваргын Дэд байр




Дэлгэрэнгүй...

Карлес Пуёоль Сафоркада

Карлес Пуёоль Сафоркада

Карлес Пуёолийн хөлбөмбөгчний замнал түүний төрсөн жижигхэн хотод орших орон нутгийн бяцхан багаас эхэлжээ. Түүний авъяас тун удалгүй олон түмний нүдний өмнө ил болсон бөгөөд 17 настайдаа Барселон клубтэй гэрээ байгуулан Ла Масиа дахь хөлбөмбөгийн академид элсэн оржээ.

Барселоны Б багт маш хурднаар өөрийн байр сууриа баттай олсон Пуёолийг дасгалжуулагч Луй Ван Гааль 1999 оны аравдугаар сарын 2-нд Ваяадолидын эсрэг тоглолтод оролцуулснаар нэгдүгээр багт дебютээ хийжээ. Тэрээр баруун хамгаалагчийн байрлалд тоглох болсноор энэ байрлал түүний нэрийн хуудас болсон юм. Байрлал эзлэх чадвар, шийдвэр гаргах байдал, хичээл зүтгэл, хөдөлмөр нь түүнийг төвийн хамгаалагчийн байрлалд тоглох чадвартайг нь илтгэх болов.

2003-2004 оны улиралд тэрээр багийн гуравдугаар ахлагчаар сонгогдсон бөгөөд өөрийн тоглож буй багийн амин чухал байрлалд бат найдвартай зогссноор Барселон клуб Ла лигийн дэд аварга болсон билээ. Энэ улиралд Пуёоль лигийн 27 тоглолт, УЕФА –ийн цомын 7 тоглолтод оролцсон байна.

Пуёоль Барсагийн бүрэлдэхүүн дэх анхны медалиа 2005-2006 оны улиралд хүртсэн юм. Тэр улирал Райкаард Пуёольд Барселон багийн ахлагчийн туузыг зүүлгэсэн нь Барселон клуб лигийн аварга болгоход үнэлж баршгүй тус хүргэсэн юм. Улирлын төгсгөлд Пуёолийн хүсэл биелж, Камп Ноудаа аваргын цомыг хүртсэн байна.

2005-2006 оны улиралд тэрээр багийн ахлагчаар баттай тоглох болж, лигийн аваргын титмийг хүртэж, Парист болсон Аваргуудын лигийн финалын тоглолтод Арсеналыг хожиж, мөнхөд дурсагдах ялалт байгуулахад түүний байгуулсан гавъяа асар их билээ. Энэ улирал Пуёоль гэмтэл бэртэл аваагүйгээс гадна тавхан тоглолтод оролцож чадаагүй бөгөөд бусад бүх тоглолтод оролцон тогложээ. Энэ таван тоглолтын гуравт нь Франк Райкаард түүнийг амраасан бөгөөд үлдсэн 2 нь картын улмаас оролцоогүй билээ. 2005 оны аравдугаар сарын 30-нд Барса Реал Сосиедад багийг 5-0 харьцаагаар хожиход нэг гоалыг нь Пуёоль мөргөж оруулсан байна.

2006-2007 оны улирлын төгсгөлд гэмтэл авсан ч шүд зуун тоглож (38 тойргийн 35-д нь тоглосон), улирлыг дуусгасан билээ. Энэ гэмтэл нь түүний замнал дахь хамгийн анхны гэмтэл байв. 2007 оны зургадугаар сарын 20-нд ӨАБНУ-ын нийслэл Преторид хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр өвдөгний шөрмөсөндөө гэмтэл авч, есдүгээр сарын 29 хүртэл талбайд гарч чадсангүй. 2007-2008 оны улирлын эхний сарыг өнжсөн ахмад маань үлдсэн 30 тоглолтод оролцсон байна.

Мөн Карлес Пуёоль нь Испанийн үндэсний шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд 2002, 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, 2004, 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон билээ. Венад Испаничууд ялалт байгуулан Европын тэргүүн багаар тодроход тэрээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Гуардиолагийн багийн хамгаалалтын цөм болсон “Арслан зүрхт” ахлагч маань бүх л улирлын турш жинхэнэ шилдэг тоглогч байлаа. Улирлын дундуур дутагдалтай байгаа баруун, зүүн, төвийн хамгаалалтын хэсэгт тоглож, оногдсон үүргээ онц сайн биелүүлж байв.Тэрээр хамгаалалтандаа ч онцгой байгаад зогсохгүй, Бернабеуд заналт өрсөлдөгч Реалыг 6-2 харьцаагаар бут ниргэхэд Тэргүүллийн гоолыг авчирч багийн ахлагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. Ромд ялалт байгуулснаар Барсагийн ахлагчийн хувиар Аваргуудын лигийн хошой цом хүртсэн анхны хөлбөмбөгч болсон байна.

Шигтгээ

Карлес Пуёоль нэгдүгээр багт анх дэвшихдээ баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан ч ур чадвар нь өдрөөс өдөрт сайжирч аугаа төвийн хамгаалагчдын нэг болсон юм. Тэрээр гайхалтай сайн эрүүл чийрэг биетэй, ногоон талбай дээр хатуу чанга сахилга баттай байдал үүсгэж чаддагаараа бусдаас онцгойрдог байна. Тэр бол багийн тоглогч гэж ямар байх ёстойг илэрхийлэгч төгс төгөлдөр үлгэр жишээ бөгөөд хэзээ ч сандардаггүй байдал, эсрэг талын довтолгоог таслан зогсоох өөрийн үндсэн ажлаа маш сайн гүйцэтгэдэгээрээ онцгойрдог.

Пуёоль багийн нөхцөл байдал таагүй байх үед зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд сайн тоглож чаддагаа харуулсан. Ялангуяа тийм ч өндөр биш (178 см) ч хүчний тоглолт сайн хийдэг, агаарт тэмцэлдэх чадвар сайтай бөгөөд эсрэг багийн довтлогчдыг барьж тоглохдоо гаргуун сайн гэгдхээс гадна довтолгоог сайн дэмждэг, булангийн цохилтын үед ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ талархал, бахархлыг хүлээдэг билээ.

Мөн үүнээс гадна Карлес Пуёоль нь багийнхандаа оновчтой зөвлөгөө, сануулга өгөх удирдагчийн зан чанар, авъяас билиг төгөлдөр гэж хүндлэгдэхийн зэрэгцээ Барсагийн төлөө гэх зүрх сэтгэл нь түүнийг эгнэгт тодотгож байдаг.

Гавъяа шагнал

Барлесона клубт

2006-2007 Испанийн супер цом
2005-2006 Аваргуудын лигийн аварга
2005-2006 Ла лигийн аварга
2005-2006 Испанийн супер цом
2004-2005 Ла лигийн аварга
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга

Испанийн хөлбөмбөгийн үндэсий шигшээ багт

2002-2003 Францын лигийн цом
1999-2000 Лиг 1-ийн аварга
Мексикийн шигшээ багт
2008 Европын аварга
2000 Сиднейн Олимпийн тоглолтын мөнгөн медаль





Дэлгэрэнгүй...

Wednesday, March 31, 2010

Түүхэн замнал

Үүсэн байгуулагдсан нь: (1899-1908)
1899 оны 10 сарын 22-нд Жоан Гампер хэмээх нэгэн эрхэм хөлбөмбөгийн клуб байгуулсан тухайгаа Лос Депортес хэмээн орон нутгийн сонинд зар тавьжээ. Энэ зарын дагуу 11 сарын 29-нд Барселон хотын нэгэн дунд сургууль нааштай хариу илгээсэн байна. Гуалтери Вайлд, Луй де Осси, Бартомэй Террадес, Отто Кунзл, Отто Майер, Энрик Дукал, Пере Кабот, Иосеф Лёобет, Жон Парсонс ба Ульям Парсонс гэсэн 10 хүнийг цуглуулсан байна. Чухам эдгээр хүмүүс л Барселон хөлбөмбөгийн клуб үүсгэн байгуулжээ.

Гампер өөрөө Швейцарь хүн байсан ба өөрийн тоглож байсан Базель клубын бэлэгдэлийн өнгө болох хөх ба улаан өнгийн хослолыг багийн үндсэн өнгө болгон сонгон авсан гэдэг.
Барселон клуб маш хурднаар Каталаны аварга шалгаруулах тэмцээн болон Эзэн хааны цомд түрүүлэх хэмжээний болж, Каталон төдийгүй Испанийн тэргүүлэх клубуудын нэг болсон байна. Байгуулагдснаасаа 2 жилийн дараа 1901 онд Каталаны аварга болсон бөгөөд, 1902 онд Эзэн хааны цомын финалд шалгарчээ.

Гамперийн удирдлага доор: (1908-1923)1908 онд Жоан Гампер анх удаа клубын ерөнхийлөгч болсон байна. Түүнийг ерөнхийлөгч болох үед клуб бараг л дампуурчихсан байлаа. 1905 оны Каталаны аваргаас хойш ямар нэгэн тэмцээнд ялалт байгуулаагүй, санхүүгийн хувьд гүнзгий хямралд орсон байв. Гампер багийн ерөнхийлөгчөөр 1908-1925 оны хооронд 5 удаа сонгогдон ажилласан бөгөөд Барсатай нийтдээ 25 жил хамт байсан байна. Түүний гол амжилт нь Барсаг өөрийн гэсэн стадионтай болгосон явдал юм.Гампер 1909 оны 3 сарын 14-нд 6000 хүний суудалтай “Каррер Индустриа” стадионы нээлтийг хийв. Мөн клубын дэмжигчдийн тоог ихэсгэх идэвхитэй алхамуудыг шат дараалан хийж, 1922 он гэхэд стадионы суудлынхаа тоог 10000 гаруйд хүргэсэн байна. Тэр жилдээ багтан шинэ том цэнгэлдэх хүрээлэн болох Лес Кортсийг албан ёсоор нээсэн байна. Лес Кортс анх баригдахдаа 20000 хүний суудалтай байсан боловч улам өргөжүүлэн 60000 хүний суудалтай болгожээ.1917 онд алдарт хөлбөмбөгч, Барселон клубын бүх цаг үеийн мэргэн бууч Паулиньо Алкантараг элсүүлэн авч, Барселон багийн хувь заяаг баттай болгож чадсан нь Гамперийн бас нэгэн гавъяа ажгуу.Гамперийн удирдлага дор Барселон клуб санхүүгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй 11 удаа каталаны цом, 6 удаа эзэн хааны цом, дөрвөнтөө Пиренейн цомыг хүртсэн билээ. Иймээс энэ үеийг Барсагийн фенүүд “Алтан үе” хэмээн нэрлэдэг билээ. Тухайн үед ногоон талбай дээр Барселон клубын нэрийн өмнөөс Алкантаратай мөр зэрэгцэн Сагибарба, Рикардо Замора, Жозеф Самитиер, Феликс Сесимага ба Франц Платко гэх мэт алдартай хөлбөмбөгчид тоглож байсан билээ.

Ривера, Бүгд найрамдахчууд ба иргэний дайны үе: (1923-1939)

Алдар нэр нь цуурайтаж байсан Барселон баг 1920-оод оны дунд үеэс эхлэн 10 жилийн турш спортын бус зөрчил тэмцлийн илэрхийлэл болсон байна.1925 оны 6 сарын 14-нд Барселон хотод болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчид Испанийн Ерөнхий сайд Риверагийн дэглэмийг эсэргүүцэн, Испанийн төрийн дууллыг тохуурхан, шогчлон дуулсан байна. Үүнд нь хорссон Ривера багийн тоглолт хийх эрхийг 6 сараар хааж, улмаар Гамперийг клубийн удирдлагаас зайлуулсан юм. Клубыг үндэслэгч аугаа хүн Гампер үүнээс хойш мөнгө, санхүүгийн хүндрэл, сэтгэл санааны дарамтанд орсон ба 1930 оны 7 сарын 30-нд амиа хорлон хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.Барселон клубыг Испанийн дарангуйлагч цаашид шат дараатайгаар дарамтлан, каталаны жижигхэн тэмцээнд л оролцох эрх өгсөн байна. Гэвч барса бууж өгсөнгүй Жозеф Эскола хэмээх эрхмийг шинэ ерөхийлөгчөөрөө сонгон үйл ажиллагаагаа явуулсаар байв.Энэ үед Барса санхүүгийн доройтол, нийгмийн таагүй хандлага, хөгжөөн дэмжигчдийн тогтвортой бус тоо гэх мэт хүнд хохирлууд хүлээж байсан ч 1930, 1931, 1932, 1934, 1936 ба 1938 онууудад 6 удаа каталаны аварга болж, 1937 онд Испанийн аваргыг авсан боловч, улс төрийн шалтгаанаар Леванте клубт түрүүг нь шилжүүлсэн гэдэг.Зургаан сарын дараа иргэний дайн эхэлж, Барсагийн ерөнхийлөгч зүүний үзэлтэн Жозеф Суньол, Гуадалхара орчимд Франсиско Франкогийн цэргүүдэд алагдсан байна. 1937 оны зун буюу Испанийн Бүгд найрамдахчуудын II засаглалын үймээнт жилүүдэд Барселон клуб аюулгүй байдлын үүднээс Мексик, Америкт аялан тоглолт хийсэн байна. Энэ аялалаа санхүүжүүлэхийн тулд клубын хагасыг Мексик, Францад тоглуулж байжээ. 1938 оны 3 сарын 18-нд Фашистууд клубын үндсэн барилга байгууламжуудыг хүчтэй бөмбөгдөн ихээхэн хохирол үзүүлсэн байна. Хэдхэн сарын дараа Барселон хотод фашистын булаан эзлэгчид цөмрөн орсон бөгөөд эмх замбраагүй байдал үүсгэх гол үүр уурхайг хөлбөмбөгийн Барселон клуб, түүний хөгжөөн дэмжигчид гэж нүд үзүүрлэх болжээ.

C. de F. Barcelona: (1939-1974)

Испанийн иргэний дайны дараа Каталан хэл болон туг далбааг аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглон, хөлбөмбөгийн клубуудын нэрэнд Испани бус нэр хэрэглэхийг хуулиар хоригложээ. Үүний улмаас Барселон клуб өөрийн нэрээ Клуб де Футбол Барселона болгон Испаничилж, Каталаны далбааг багийн сүлдэн дээрээс авсан байна.Франкогийн дэглэмийн турш каталанчуудын эх хэлээрээ ярьж болох цөөхөн газруудын нэг нь клубын цэнгэлдэх хүрээлэн болж байсан ажээ.1943 онд өөрийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэндээ Эзэн хааны цомын хагас шигшээгийн эхний тоглолтод Реал Мадрид клубыг 3-0 харьцаатай бут ниргэв. Хоёр дахь тоглолтын өмнө Барселонын тоглогчдыг генерал Франкогийн улсыг аюулаас хамгаалах газрын дарга өрөөндөө дуудан авчирч, “сануулга” өгсөн байна.“Аугаа засаглалын баг ялах жам ёстой талаарх сургааль”-ын дагуу тоглох сануулгыг үг дуугүй биелүүлэх ёстой байв. Талбай дээрээ Мадридын баг “11-1” –ээр хожиж цаашид тоглох эрхтэй болов.Энэ мэт улс төрийн ялгаварлалтай байдлын дор 1940, 1950-аад он өнгөрсөн байна. Гэхдээ Барселон клуб бууж өгсөнгүй, хүлцэнгүйгээр итгэл төгс оршин тогтносоор байв. Жозеф Самитиер дасгалжуулагчтай Сезарь, Рамаллец, Веласко гэсэн түлхүүр тоглогчидтой Барселон клуб 1945 оны Испаний Ла лигийн аваргаар тодорсон нь 1929 оноос хойших хамгийн анхных нь болж байв. Тэд 1948, 1949 онд дахин лигийн аварга болсон бөгөөд 1949 онд анхны Латины цомийг хүртэв.Социалист лагераас гаралтай Фердинанд Дауцик, Ладислав Кубала нарын шилдэг менежерүүдээр удирдуулсан Барселон клуб олон шилдэг тоглогчдыг цуглуулан 1952 оны улиралд Ла лига, Генералиссимусын цом, Латины цом, Мартини Россигийн цом болон Эва Дуартегийн цом гэсэн 5 цом авч, гайхалтай амжилт үзүүлсэн байна.1953 онд тэд дахин Ла лиги болон Генералиссимусын цом авчээ. 1957 онд Генералиссимусын цом, 1958 онд Олон хотуудын цом хүртсэн байна.Дасгалжуулагч Элено Иеррерагийн удирдлага дор довтлогч Луйс Суарез 1960 онд Европын оны шилдэг тоглогч болж, Кубалагийн зөвлөгөөгөөр Шандор Коциш, Золтан Цибор нарыг авч хүчээ сэлбэн 1959 онд Ла лига, Эзэн хааны цом авч, 1960 онд Ла лига, Хот хоорондын цомыг авчээ.1961 онд Европын цомын тэмцээнд Реал Мадрид клубын олон улсын түвшин дэх монополь байдлыг тасалсан клуб нь Барселон болов. Гэвч аваргалж чадалгүй, финалд Бенфикад ялагдсан байна. 1960-аад оны турш Мадридын Реал, Атлетико клубуудын давамгайлал Ла лигад оршин байв.1957 онд өнөөгийн гайхамшигт цэнгэлдэх Камп Ноу баригдаж, нээлтээ хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор шинэ авъяаслаг тоглогчид худалдан авахад бага хэмжээний мөнгө зарцуулах болжээ.Үүнээс шалтгаалан 10 орчим жилийн турш Барса дөнгөж 2 цом хүртсэн байна.1968 оны Генераллиссимусын цомын тоглолтын финалд Реал Мадридыг Бернабеу цэнгэлдэхэд нь 1-0 –ээр хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. 1974онд Барса өөрийн албан ёсны нэрээ өөрчилж, анх байсан Футбол клуб Барселон болгосон байна.Дарангуйллын хүнд хэцүү он жилүүд аажмаар холдон одож, чухамдаа л зөв нь буруугаа, зөөлөн нь хатуу дийлэх хорвоогийн жам үйлчилсэн юм.

Круйффын анхны дамжуулалт: (1974-1978)

1973-1974 оны улиралд Барса шинэ домог Иохан Круйффийг багтаа оруулж чадлаа. Тэрээр Голландын Аякс клуб аль хэдийн гялалзаж эхлэхэд томоохон клубууд бүгд л сонирхож байв. Түүний төлөө Барса, Реал хоёр өрсөлдөж байсан боловч Круйфф эцсийн мөчид Барсаг Реалаас илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Дарангуйлагч Франкогийн багт тоглох хүсэлгүй байсан аж.Түүгээр ч зогсохгүй өөрийн хүүдээ Хорди хэмээх каталан нэр хайрласан гэдэг. Түүний тусламжтайгаар Барселон баг 1960 оноос хойш аваагүй байсан Ла лигийн түрүүгээ авч чадсан юм. Мөн тэр жил заналт ривал Реал Мадридыг 0-5 харьцаатайгаар Бернабеуд нь бут ниргэсэн байна. Круйфф тэр жилдээ Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон билээ.

Тогтворжилтын жилүүд: (1978-1988)

1978 онд Барселон клубын ерөнхийлөгчөөр Жозеф Луйс Нунез сонгогдов. Түүний мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь Барсаг дэлхийн хэмжээний спорт клуб болгох, санхүүгийн хувьд хүчирхэг, тогтвортой болгоход чиглэгдэж байв. Нунезийг засаглалын үед Барса 1979, 1982 онд Европын супер цом хүртсэн нь хамгийн том амжилт нь болжээ.1982 оны 6 сард Бока Хуниорс багаас Аргентиний гайхамшигт супер од Диего Марадонаг тухайн үеийн рекорд ханшаар худалдан авчирлаа. Эхний улиралдаа Марадона болон Барса Эзэн хааны цомын финалд Реалыг хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. Гэвч Марадона Барсад төдий л удсангүй Италийн Наполи клуб руу явжээ. 1984-1985 оны улирал эхлэхэд Германы од Бернд Шустерийг багтаа элсүүлсэн байна. Дараа улирал нь Европын цомд амжилттай тоглож, финалд шалгарсан ч Стеуя Бухарест клубт пенальтигаар хожигдсон байна1986 оны дэлхийн аваргын дараа английн мэргэн бууч Гарри Линнекер болон хаалгач Андони Зубизареттаг багтаа элсүүлсэн ч тэр улирлыг амжилтгүй өнгөрүүлж, улмаар түлхүүр тоглогч Бернд Шустерийг багаасаа алдсан байна. Энэ амжилтгүй улирлын дараа багийн ерөнхий дасгалжуулагч Терри Вунаблесийг халж, Луйс Арагонесийг шинэ дасгалжуулагчаа болгосон байна. 1987-1988 оны улиралд Эзэн хааны цомыг хүртсэн ч Барселон багийн тоглогчид ерөнхийлөгч Нунезийг эсэргүүцэн огцруулсан гэдэг.

Мөрөөдлийн баг: мандан бадрал ба уналт: (1988-1996)

1988 оны зун багийн шинэ дасгалжуулагчаар домогт тоглогч Иохан Круйфф томилогдов. Чухам энэ л үеэс эхлэн Барселон багийн дасгалжуулагч болон тоглогчдыг дэлхий нийтээр Мөрөөдлийн баг гэж нэрлэх болсон байна. Хожим нь 1992 оны Барселоны зуны олимпод оролцсон АНУ-ын мэргэжлийн тамирчдаас бүрдсэн сагсан бөмбөгийн баг уг нэрийг зээлдэн авсан ажээ.Мөрөөдлийн багийн бүрэлдэхүүнд Жозеф Гуардиола, Хосе Мари Бакеро, Чики Бегуйристайн, Жон Андони Гойкетксиа, Георг Хажи, Роналд Коеман, Мишель Лаудруп, Ромарио болон Христо Стойчков нар багтаж байсан ба дасгалжуулагч нь Иохан Круйф байлаа. Жинхэнэ супер бүрэлдэхүүн.Круйффийн удиардлага дор 1991-1994 оны хооронд 4 жил дараалан Ла лигийн тэргүүн баг болж, 1989 оны УЕФА-ийн цомтой багуудын цом, 1992 оны Европын цомын аль алинд нь Италийн Сампдория клубыг хожиж түрүүлэв.Тэд мөн 1992 оны Европын супер цом, 1990 оны Эзэн хааны цомыг хүртсэн байна. Круйфф Барсаг дасгалжуулж байхдаа нийт 11 цом авч клубын хамгийн амжилттай дасгалжуулагч болсон ч сүүлийн 2 улиралдаа ямар нэг цом авч чадаагүй явдал болон 1994 оны Аваргуудын лигийн тоглолтонд 4-0 –ээр АС Миланд хожигдсон нь түүнийг үүрэгт ажлаа өгөхөд хүргэсэн байна.

100 жилийн ой руу: (1996-2000

1996 онд Круйффийн ажлыг Бооби Робсон хүлээн авлаа. Тэрээр ганцхан улирал Барселоныг дасгалжуулсан бөгөөд хожим нь нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “...Каталон бол улс, түүний арми нь Барса...” гэж дуу алдсан гэдэг. Робсон хэдийгээр нэг жил болсон ч өөрийн урьд нь дасгалжуулж байсан ПСВ Эйндховен клубээс шинээр гялалзан гарч ирсэн Роналдог Барселоны бүрэлдэхүүнд нэгтгэж чадснаар нэг улиралын дотор 3 цом авчирсан байна. Тэрээр анхны улиралаа амжилттай эхлүүлсэн боловч цааш дахин Барсаг удирдахыг хүссэнгүйШинээр Луй Ван Гааль хэмээх дасгалжуулагч ирсэн ч, Роналдо яг л Марадона шиг Итали руу, Интер Милан руу явсан гэдэг. Хэдий Роналдо байхгүй ч Луйш Фигу, Жиованни Сильва де Оливейра, Луйс Энрике Мартинез болон Ривалдо гэсэн одод бүхий Барса 1998 онд Ла лига, Эзэн хааны цомыг хоёуланг нь авсан байна1999 онд Барселон клуб байгуулагдсны 100 жилийн ой тохиож уг ойгоор Ла лигийн түрүүг авсан бөгөөд гол тоглогч Ривалдо тус багаас Европын оны шилдэг тоглогч болсон 4 дэх тамирчин болжээ. Хэдийгээр Ла лигийг авсан ч Аваргуудын лигид Реал Мадрид клубт хожигдсон нь Ван Гаалийг ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүргэж, 2000 онд гэрээ нь цуцлагдсан байна.Гаспарын уналтын жилүүд: (2000-2003Клубын ерөнхийлөгч Нунез, дасгалжуулагч Луйс Ван Гаал нарыг удирдлагаас зайлуулж, шинэ ерөнхийлөгч Гаспарыг томилсон гол шалтгаан нь Барселон багийн дэд ахмад Луйш Фигугийн үйлдэлтэй холбогддог. Тухайн үеийн Барсагийн дэд ахмад, Португалийн шигшээгийн супер тоглогч Луйш Фигуг Барселон багийн фенүүд маш их хайрладаг байсан бөгөөд түүнийг бусад тоглогчдоос онцгойлон каталанчуудын баатар мэтээр төсөөлдөг байжээ.Фигу багийн фенүүдийнхээ энэ их хайр хүндэтгэлийг юман чинээнд бодолгүй шалбаагт шидэн, заналт ривал Реал Мадрид багтай нууцаар гэрээлснээр багийн удирдлага, фенүүдэд хүнд цохилт болсон юм. Нэгэн өглөө сэрэхэд л бүх юм аль хэдийнээ шийдэгдчихсэн, Фигу Реалд оччихсон байв. Энэ явдал ёстой л үүлгүй тэнгэрээс аянга ниргэх лугаа цочоосон гэдэг. Үүнээс хойш Фигуг Камп Ноу цэнгэлдэхэд тоглох бүрт багийн хорссон фенүүд дургүйцэн элдвээр хэлж, гахайн толгойгоор дүрслэн доромжлодог болсон билээ.2000-2003 оны хооронд Барса Ван Гаал тэргүүтэй хэд хэдэн шинэ дасгалжуулагчийн нүүрийг үзсэн ч амжилтийг эс олж, улам доройтсоор байлаа.

Өнөө үе : (2003-яг одоо)

Гаспар ерөнхийлөгчийн бүтэлгүй 3 жилийн дараа шинэ залуу ерөнхийлөгч Жоан Лапорта Барсаг удирдах болов. Тэрээр ерөнхийлөгч болмогцоо Голландын болон АС Миланы од, залуухан Франк Райкаардыг шинэ дасгалжуулагчаараа сонгосноор баг дахин сэргэж ирлээ. Райкаард дасгалжуулагч болмогцоо багийг шинэчилж, шинэ залуу оддыг цуглуулж эхэлсэн байна. Рональдино, Деку, Лионель Месси, Людовик Жюли, Самуэль Этүү, Рафаэль Маркес нарыг шинээр багтаа элсүүлж, үндсэн багийн Карлес Пуёоль, Андрес Иниеста, Чави Эрнандес болон Виктор Валдес нартай хослуулан гайхалтай багийг бүрдлүүлсэн байна. Энэ нь ч тэр дороо үр дүнгээ өгч эхлэв2004-2005 оны улиралд Барса Ла лигад түрүүлж, Багийн түлхүүр тоглогчид Роналдиньо, Этүү нар тухайн оны ФИФА-ийн дэлхийн шилдэг хөлбөгчдийн тэргүүн болон гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн Реал Бетис багийг Испанийн супер цомын тэмцээний финалд хожин түрүүлж, Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Лондоны Челси багт нийлбэрээрээ 5-4-өөр хожигдсон байна2005-2006 оны улиралд Барселон улам гялалзав. 2005 оны 11 сард Мадрид дахь Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд Реал Мадрид багийг 0-3 –ын харьцаагаар буулгаж авчээ. Райкард энэ тоглолтод ялснаараа Реалыг талбай дээр нь 2 удаа ялсан Барсагийн анхны дасгалжуулагч болсон юм. Энэхүү тоглолтын үеэр Барсагийн туслах довтлогч Роналдиньо 3 дахь гоалыг хийхэд Мадридын хөгжөөн дэмжигчид анх удаа Барселон багт баяр хүргэн алга ташсан гэдэг.Энэ улиралд Барса Ла лигад хялбархан түрүүлж, цомын тоглолтын финалд дерби баг Эспаньолийг буулган авсан байна. Мөн энэ улиралд УЕФА-ын Аваргуудын лигийн финалд Лондонгийн Арсенал клубтэй шалгаран үлдэж, 2-1 –ийн харьцаатай хожсноор 14 жилийн дараа Аваргуудын лигийн цомыг дахин хүртсэн байна.Үүний дараа 2006 оны ФИФА-ын клубын дэлхийн аваргад оролцож, финалын тоглолтод 1-0 харьцаатайгаар хожигдсон байна. 2006-2007 оны улирлын өмнөх АНУ-д хийсэн аялан тоглолтын үеэр багийн түлхүүр тоглогчид болох Этүү, Месси нар гэмтсэн нь улирлын төглөлтөд нөлөөлж, улмаар Ла лигийн 2-р байрыг эзлэх болсон байна. 2007 оны 9 сарын 27-нд Испанийн хөлбөмбөгийн холбоонд 1937-1938 оны Ла лигийн аварга гэсэн цолыг буцаан сэргээж өгөхийг хүсч Барселон клуб гомдол мэдүүлсэн байна.2007-2008 оны улиралд Барселон клуб Ла лигид 3-р байр эзэлж, Аваргуудын лиги, Эзэн хааны цомын хагас шигшээд ялагдан, дасгалжуулагч Франк Райкаард багийг орхив.Барсаг домогт тоглогч Жозеф Гуардиола удирдах болж Замбротта, Деку, Дос Сантос, Роналдиньо нарыг үдэн, Кейта, Пике, Касерес, Алвес болох Глебийг авчран шинэ улирлыг эхлүүлжээ2008-2009 оны улирлын эхний хагасыг 16 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтойгоор үдэж, нийт 50 оноо цуглуулсан нь шинэ рекорд болж байна.

Улмаар тус улиралд Европын аваргуудын лигийн аварга, Ла лигийн аварга, Эзэн хааны цомыг нэгэн зэрэг хүртэж, бахархам амжилт гаргасан байна.


Дэлгэрэнгүй...

Arsenal vs FC Barselona


Аваргууд Арсеналтай тоглоно. 3-сарын 31 нд
Дэлгэрэнгүй...

Даниель Альвес да Силва

Даниель Альвес да Силва

Дани Альвес бол дэлхийн хамгийн хүчирхэг, эрч хүчтэй, дайчин баруун жигүүрийн тоглогчдын нэг билээ. Тэрээр 2008 оны зун Севилла клубт 6 улирлыг үдсэнийхээ дараа буюу 25 настайдаа Барселонад ирсэн юм.

Альвес 1983 оны 5-р сарын 6-нд төрсөн. 2002 онд Бразилийн Бахиа клубээс Андалузийн багт шилжин харъяалагдаж эхэлсэн ч яг үнэндээ 2003/04 оны улиралд шинэ багтаа жинхэнэ утгаар тоглож эхэлжээ. Багийнхаа баруун жигүүрийн хамгаалагчийн байрлалд хамгийн эхний сонголт нь болж чадсанаар Альвес 29 тоглолтод оролцож клубээ Европын тавцанд өрсөлдөхөд ихээхэн тус болж чадсан юм.

Энэ хугацаанд Альвес Севилла клубын хамгаалалтын цөмийн нэг хэсэг болсон төдийгүй довтолгоог маш сайн дэмжигч байснаар 2005/06 оны UEFA CUP-ын эзэн болж чаджээ. Тэр улирлынхаа төгсгөлд Алвэс UEFA-ын шилдэг тоглогчоор нэрлэгдэж, түүнээс хэдхэн сарын дараа Севилла багтайгаа Монакод болсон Европын Сүпер цомын финалд Барселонаг ялж аварга цол хүртэж байв.

2006/07 оны улиралд Бразил залуу маань багийн гол тоглогчийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр Испанийн Сүпер цом, Эзэн Хааны Цом хүртсэнээр зогсохгүй UEFA-н аварга цолоо хамгаалж үлджээ.

Барсатай гэрээ үзэглэхийнхээ өмнөх улиралд Испанийн Сүпер Цомын финалд Реал Мадридыг буулган авсан бөгөөд Аваргуудын лигийн анхны тоглолтоо хийв. 2007/08 онд Алвэс лигийн 33 тоглолтод оролцсон нь багийн анд Навасын дараа орох үзүүлэлт байлаа.

Түүнчлэн Альвес эх орныхоо шигшээ багт өөрийн хувь нэмрээ оруулж 2007 оны зун Копа Америкад Бразилийн шигшээ баг түрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ.

Шигтгээ

Тэр хэдийгээр 173 см өндөр, 64 кг жинтэй ч биеийн бэлтгэл хүч туйлын сайтай тоглогч юм. Альвес бол Бразилийн жигүүрийн хамгаалагчдын нийтлэг шинжийг агуулсан, хамгаалалт болон довтолгооны аль алинд нь идэвхитэй оролцож, өөрийн байрлал баруун жигүүрийг бүхлээр нь эзэлж тоглодог, төдийлөн амархан ядардаггүй онцлогтой хөлбөмбөгчин билээ. Альвес Севиллад байх хугацаандаа лигийн тоглолтод нийт 8 гоол хийж байсан юм.

Бразил эр Барсад зүтгэж байгаа анхны улиралдаа маш сайн тоглож, авч болох бүх цомоо авч дөнгөлөө. Тэрээр маш цөөхөн тоглолт өнжиж, Месситэй гайхалтай хослон тоглож, олон олон тоглолтын хувь заяаг шийдэж байлаа. 54 тоглолтод оролцож 5 гоол оруулсан бөгөөд Барсагийн баруун жигүүрийн үндсэн хамгаалагчаар тодроод байна.


Гавъяа шагнал

Барселон багт

2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга


Севийя

2007/08 Испанийн Сүпер Цом
2006/07 Эзэн Хааны Цом
2006/07 UEFA CUP
2006/07 Европын Сүпер Цом
2005/06 UEFA CUP


Бразилийн шигшээ баг:

2007 Копа Америка

Хувийн амжилт:

2005/06 UEFA CUP Шилдэг тоглогч





Дэлгэрэнгүй...

Виктор Валдес Аррибас

Виктор Валдес Аррибас

В.Валдес 1991 оны 7-р сарын 1-нд Барсагийн залуучуудын багт элсэн орсон.

Гэвч тэр жилийн 9-р сард Валдес гэр бүлийнхнийгээ даган Тенерифе рүү нүүсэн бөгөөд гурван жилийн дараа л багтайгаа эргэн нэгдсэн байна. Түүний ур чадвар багачуудын баг, Барса Атлетик багуудад байхад маш хурдан сайжирсныг дасгалжуулагч анзааран 2002-2003 оны улиралд нэгдүгээр багийн үндсэн бүрэлдэхүүнд албан ёсоор багтаажээ. Анхандаа Роберто Бонаногийн сэлгээний тоглогч байсан ч улирлын төгсгөл гэхэд Радомир Античийн нэгдүгээр сонголт нь болсон байна.

2003-2004 оны улиралд Барселона багийн гарааны бүрэлдэхүүний үндсэн хаалгачийн орон зай түүнд бүрэн шилжив. Тэрээр энэ улиралд Барсагийн хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчоор тодорч, зарим гайхалтай тоглолтуудаараа багаа Ла лигийн дэд аварга болоход нь тус хүргэлээ. 2005-2006 оны улиралд Валдес Барсагийн түлхүүр тоглогчдын нэг болж, улмаар Ла лига, Аваргуудын лигийн аварга цол хүртсэн юм. Парист болсон Аваргуудын лигийн финалийн тоглолтонд маш чухал хаалт гүйцэтгэж, Барселон баг Аваргуудын лигид 2 дахь удаагаа торгон жолоо өргүүлэхэд мартагдашгүй гавъяа байгуулсан билээ.

2006-2007 оны улиралд Валдес Ла лигийн бүх тойргийн тоглолтуудод оролцов. 2007-2008 улиралд зөвхөн сүүлийн гурван тойргийн тоглолтыг л хоёрдугаар хаалгач Хосе Мануэль Пинтод өгч, түүнийг нэгдүгээр багт дебют хийх боломжийг олгосон байна. Валдес өнөөдрийг хүртэл улам сайжирсаар байгаа бөгөөд одоо клубын хамгийн олон тоглолтонд оролцсон тамирчдын нэг болоод байна.

2008-2009 оны улиралд тэрээр хоёр дахь удаагаа Замора шагнал хүртээд байна. Тэрээр зр дүн нь нэгэнт шийдэгдсэн сүүлийн 3 тойргийн тоглолтоос бусад бүх тоглолтод гарааны хаалгачаар тоглосон юм. Мөн Ромд гайхамшигтай тоглолт үзүүлж, Барсагийн түүхэнд хоёр удаа Аваргуудын лигийн цом өргөсөн анхны хаалгач болжээ. Валдес 2014 оныг хүртэл Барсагийн хаалгыг манахаар гэрээ байгуулаад байна.

Гавъяа шагнал

Барселона багт

2006/07 Испанийн супер цомын аварга
2005/06 Аваргуудын лигийн аварга
2005/06 Ла лигийн аварга
2005/06 Испанийн супер цомын аварга
2004/05 Ла лигийн аварга
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга

Хувийн амжилтаараа

2004/05 Ла лигийн шилдэг хаалгач (Заморагийн шагнал) 2008/09 Ла лигийн шилдэг хаалгач (Заморагийн шагнал)







Дэлгэрэнгүй...

Златан Ибрахимович

Златан Ибрахимович

Ибра 2009 оны зун бидний хайртай тоглогчдын нэг Самуэль Этоотой солигдон Италийн алдарт Интер Милан клубээс ирсэн юм.


Златан Ибрахимович 1981 оны аравдугаар сарын 3-нд Шведийн Мальмё хотноо төржээ. Түүний эцэг Босни, эх нь Хорват үндэстэн байжээ. Өөрөөр хэлбэл Югослав гаралтай цагаачдын удам юм. Барсад нэгдэж байгаа Ибра бол Европын хамгийн аюултай довтлогчдын нэг бөгөөд ховорхон заяасан авъяаслаг нэгэн юм. Хувийн өндөр ур чадвараас гадна багийн тоглолтод сайн оролцдог нэгэн.

Ибрахимович Мальмё хотоосоо хөлбөмбөгийн замналаа эхлэж, 2001 онд Аякст ирсэн юм. Тэнд хожим Интэрт болон Барсад хамтран зүтгэх хувь зохиолтой Максвэллтэй хамтран зүтгэх болжээ. Тэнд өндөр зэрэглэлийн тоглолтод оролцох болж, хөлбөмбөгчнийхөө хувьд асар хурдан өсөн дэвжиж, орчин цагийн хөлбөмбөгийн хурц оддын нэг болох гараагаа тавьжээ. Энэ үед түүний дасгалжуулагчаар Барсагийн домогт тоглогч Роналд Коеман ажиллаж байсан юм.

Голландад гурван улирал өнгөрүүлж, Эрэдивизийн хошой аварга, цомын аварга, супер цомын даян аварга болсон юм. Түүний дараагийн клуб нь Италийн хамгийн аугаа багуудын нэг Ювентус байв. Фабио Капеллогийн удирдсан Ювентус клубт хоёр улирлыг үдэж, маш сайн тоглож байсан ч “Моггигэйт”-ийн хэргээр клуб нь доод дивизионд унаж, Ибра шинэ орон зай хайх болов. Златан Калчиогийн өөр нэг супер клуб Интер Миланы эгнээнд шилжлээ.

Интэрийн довтолгооны үндсэн хөдөлгүүр Ибра Калчиогийн гурван удаагийн аварга, Италийн цомын хошой аварга болсон юм. Тэрээр Манчини, Моуриньогийн үндсэн довтлогч бол Ибрахимович байлаа. 2009 оны долдугаар сарын 27-нд Ибрахимович Барсагийн бүрэлдэхүүнд багтах болсноо албан ёсоор зарлах ёслол Камп Ноуд болж, клубын түүхэн дэх хамгийн олон хөгжөөн дэмжигч ирсэн юм. 60000 фэнүүд Ибрахимовичийг клубын сүлдийг үнсэхэд халуун дотноор баяр хүргэж байв. Златан Шведийн шигшээ багийн түлхүүр тоглогч байсан төдийгүй эх орныхоо шилдэг тоглогчоор гурвантаа (2005, 2007 ба 2008) шалгарч байв.

Шигтгээ

Ибрахимович маш авъяаслаг нэгэн бөгөөд алмайрам гайхалтай гоолуудыг оруулж чаддаг, маш бүтээлч довтлогч юм. Тиймээс түүнийг Италид “Ибракадабра” хэмээн хочилдог.

Ибракадабра гайхалтай ур чадвар, хүчирхэг бие бялдартай. 192 см өндөртэй тэрээр агаарт сайн тоглодог, алсаас хүчтэй оновчтой цохиж чаддаг, хаалттай цохилтыг маш сайн гүйцэтгэдэг.

Товчоор хэлбэл орчин цагийн төвийн довтлогч, гоолын машины төгс хувилбар бол Швед эр юм. Өнгөрөгч улирал тэрээр Интер Миланы бүрэлдэхүүнд зөвхөн Сери А-д л гэхэд 25 гоол оруулсан юм.

Гавъяа шагнал


Интер Милан багт

2008/09 Сери A
2007/08 Сери A
2007/08 Италийн супер цом
2006/07 Сери А
2005/06 Италийн супер цом



Аяакс багт

2003/04 Эрэдивиз
2002/03 Голландын супер цом
2001/02 Голландын цом
2001/02 Эрэдивиз

Хувийн амжилтаараа

2009 Сери А-ын мэргэн бууч
2008 Сери А-ын шилдэг тоглогч
2008 Сери А-ын гадаадын шилдэг тоглогч
2008 Шведийн шилдэг тоглогч
2007 Шведийн шилдэг тамирчин
2007 Шведийн оны шилдэг тамирчин
2006 Сери А-ын гадаадын шилдэг тоглогч
2005 Шведийн шилдэг тоглогч




Дэлгэрэнгүй...

Лионель Андрес Мэсси


Товч танилцуулга

Нэр: Лионель Андрес Мэсси
Байрлал: Довтлогч
Төрсөн газар: Санта Фе (Аргентин)
Төрсөн огноо: 24/06/1987
Биеийн өндөр: 169 см
Биеийн жин: 67кг

Лионель Андрес Мэсси

Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн карер 1995 онд Невелс Олд Бойс-с эхэлжээ. Тэрээр 2000 он хүртэл тэндээ тоглосны дараа 13 настай бяцхан жаал азаа үзэж хүчээ сорихоор шийдэн Атлантийн далайг гаталж Барселонад ирэв. Ингээд 14 наснаас доошхи хүүхдийн багт элсэн орсон байна.

Хүүхдийн багийн нас насны түвшин бүрт Мэссигийн ур чадвар ер бусын хурдаар өсөн нэмэгдсээр Барса С, Барса Б, тэр ч бүү хэл үндсэн багийн бүрэлдэхүүнд хүрэх замыг тэрээр хамгийн богино хугацаанд туулан гарч ирсэн юм.

2003-2004 оны улиралд 16-хан насандаа 1-р багийн бүрэлдэхүүнд багтаж анхны тоглолтдоо оролцов. Энэ бол Портогийн Драгон стадионы нээлтэд зориулсан нөхөрсөг тоглолт байлаа. 2004 оны 10-р сарын 16-нд Барселонагийн дэрби Эспаньолтой Олимпик стадионд хийсэн тоглолтод оролцож албан ёсны тэмцээний гараагаа эхэлсэн бөгөөд баг нь 0-1 харьцаагаар ялсан билээ. Энэ улиралд Барселона лигтээ ялалт байгуулсан юм.

Үндсэн багийн хэд хэдэн тоглогчдын ноцтой гэмтлийн улмаас нөөц багаас цөөнгүй тоглогчид дуудагдаж байсан үед Мэсси багийн байнгын нэг хэсэг боллоо. 2005 оны 5-р сарын 1-нд тэрээр Албакете багийн эсрэг тоглолтод гоол хийж Барсагийн түүхэн дэх хамгийн залуудаа хаалганд бөмбөг оруулсан дээд амжилт тогтоож байв. Энэ үед тэр 17 нас 10 сар 7 хоногтой байжээ. Хожим нь энэхүү дээд амжилтыг Бояан эвдсэн юм.

Голландад болсон 20-с доош насныхны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлээд зогсохгүй гоолоороо тэргүүлж, шилдэг тоглогчийн шагнал хүртжээ. 18 настай хүү уг дэлхийн аваргын тэмцээн дэх эрдэнэсүүдийн нэг байлаа. Удалгүй тэрээр шигшээ багийнхаа бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо Унгарын багийн эсрэг хийсэн юм.

Мэсси үндсэн багийн тоглогчоор Жон Гамперийн цомын тэмцээнд Ювентүсийн эсрэг тоглож 2005-2006 оны улирлыг гайхалтай гүйцэтгэлтэйгээр эхэллээ. Түүнчлэн Сантиаго Бэрнабэу дэх 3-0 харьцаатай мартагдашгүй ялалт, Аваргуудын лигт Чэлсигийн эсрэг Стэмфорд Бридж-д болсон тоглолт зэрэгт чадварлаг тоглолт үзүүлжээ. Гэвч гэмтэл түүнийг улирлын сүүлийн дийлэнх үеийг талбайн гаднаас харахад хүргэсэн юм. Тэрээр лигийн 17, Аваргуудын лигийн 6, Копа Дель Рэй-д 2 тоглолтод оролцож нийт 8 гоол хийжээ.

Дараагийн улиралд Мэсси амжилтаа дээшлүүлж, өөрийн гоолуудаар дэлхийг дуу алдуулан алмайруулж эхэллээ. Тэдгээрийн нэг нь Эзэн Хааны Цомын төлөөх тэмцээнд Хетафе-н хаалганд хийсэн гоол юм. 2006-2007 улиралд хэдийгээр баг ямар нэг цом хүртэж чадаагүй боловч Аргентин залуу маань FIFA World Player Awards-т 2-р, Golden Ball-д 3-рт нэрлэгдлээ. 2007-2008 онд ахиц дэвшил нэмэгдсээр нийт 40 тоглолтод оролцож 16 гоол, 10 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй дуусгажээ. Тэрээр 2 дахь удаагаа FIFA World Player Awards-т дэд байр эзэллээ.

Үүнээс гадна Мэсси шигшээ багтаа байнга тоглож 2006 оны Дэлхийн Аваргын тэмцээнд оролцож, мөн 2007 оны Копа Америка-д финалд хүрсэн юм.

Шигтгээ

Мэсси бол ер бусын тоглогч билээ. Тэрээр маш бүтээлч, хамгаалагчдыг хялбархан давж гарах өндөр ур чадвартай, зүүн хөлтэй, төв болон 2 жигүүрээр, тэр ч бүү хэл бүр төвийн довтлогчийн байрлалд ч тоглох чадвартай тал бүрийн авъяастай тоглогч юм.

Мэсси үнэндээ намхан жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно.

Лео толгойгоор ч тун муугүй тоглодог бөгөөд шаардлагатай үед тэрээр хэд хэдэн төрлийн үүрэг өөртөө авч тоглох чадвартай гэж үзэж болно. Тэр бол хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяагдсан тоглогч билээ.

Гуардиолагийн анхны улиралд тэрээр өмнө яаж тоглож байсан яг л тэр янзаараа дэлхий нийтийг шагшуулсан уран тоглолт үзүүлсэн билээ.

Гавъяа шагнал

Барселон клубт

2006/07 Испанийн Сүпер цом
2005/06 Аваргуудын Лиг
2005/06 Лига
2005/06 Испанийн Сүпер цом
2004/05 Лига
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга

Аргентиний Шигшээ багт

2004/05 Дэлхийн Аварга U-20
2008 Бээжин 2008 Олимпийн Аварга


Дэлгэрэнгүй...

Tuesday, March 30, 2010

Гавъяа шагнал



Аваргуудын лиг 3




1991-92, 2005-06, 2008-09









Европын цомтой багуудын цомын тэмцээн 4
4


1978-79, 1981-82, 1988-89, 1996-97








FAIR CUP 3




1957-58, 1959-60, 1965-66








Европын супер цом 2




1992-93, 1997-98








Испанийн лигийн цом 19




1928-29, 1944-45, 1947-48, 1948-49,
1951-52, 1952-53, 1958-59, 1959-60,
1973-74, 1984-85, 1990-91, 1991-92,
1992-93, 1993-94,1997-98, 1998-99,
2004-05, 2005-06, 2008-09









Испанийн цом 25




1909-10, 1911-12, 1912-13, 1919-20,
1921-22, 1924-25, 1925-26, 1927-28,
1941-42, 1950-51, 1951-52, 1952-53,
1956-57, 1958-59, 1962-63, 1967-68,
1970-71, 1977-78, 1980-81, 1982-83,
1987-88, 1989-90, 1996-97, 1997-98,
2008-09









Испанийн супер цом 7




1983-84, 1991-92, 1992-93, 1994-95,
1996-97, 2005-06, 2006-07









Испанийн лиг 2




1991-92, 2005-06








Латин лиг 2




1948-49, 1951-52








Каталаны аварга шалгаруулах тэмцээн 22




1901-1902, 1904-05, 1908-09, 1909-10, 1910-11,
1912-13, 1915-16, 1918-19, 1919-20, 1920-21,
1921-22, 1923-24, 1924-25, 1925-26, 1926-27,
1927-28, 1929-30, 1930-31, 1931-32, 1934-35,
1935-36, 1937-38









Каталаны цом 1




1990-91, 1992-93, 1999-00, 2003-04,
2004-05, 2006-07




Каталан лиг 1




1937-1938



Пиренейн цом 4




1909-10, 1910-11, 1911-12, 1912-13



Газрын дундад тэнгисийн лиг №




1937
























































































Дэлгэрэнгүй...



Товч танилцуулга


Нэр: Тиерри Анри
Байрлал: Довтлогч
Төрсөн газар: Ле Ули (Франц)
Төрсөн огноо: 1977-8-17
Өндөр: 188 см
Жин: 83 кг
Тиерри Анри


Тиерри Анри бол дэлхийн хөлбөмбөгийн сүүлийн 10 жилийн түүхэнд тодорсон хамгийн аугаа довтлогчдын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх гавъяатан билээ. Гоёмсог, чадварлаг бөгөөд үр дүнтэй тоглолт нь түүний нэрийн хуудас юм.

Анригийн дээд ангиллын тоглолт үзүүлэх анхны гараагаа 1994-1995 оны улиралд АС Монако клубт 17 настайдаа тоглох болсноор хийж байв. Тэрээр анхандаа баруун жигүүрийн вингэрээр тоглодог байв. 1998-1999 оны улиралд Ювентус клубт зүтгэх болж, удалгүй Арсеналд очсон билээ. Энэ шилжилт нь Анри умард Лондонгийн клубын түүхэн дэх хамгийн аугаа тоглогчдын нэг болгосон билээ.

Тэрээр Арсеналд төвийн довтлогчийн байрлалд тоглох болж, баруун, зүүн аль ч жигүүрээс ирсэн дамжуулалтуудыг хүлээн авч, эсрэг багийн хамгаалагчдаас мултран, үхлийн цохилтыг хэрхэн хийдгийг яруу тодоор үзүүлэх болов. Түүнийг тоглох болсноор “уйтгарт Арсенал” гэж хочлогддог байсан их буучид Английн Премьер лиги төдийгүй Европын хамгийн үзүүштэй, довтолж тоглодог баг болон өөрчлөгджээ.

Будант Альбионд өнгөрүүлсэн бүхий л хугацаандаа Арсенал клубын хүчин зүтгэж, маш олон дээд амжилтуудыг эвджээ. Анри 214 гоал оруулснаар ганнерзын бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч болсон төдийгүй 164 гоалаар Премьершипийн (1992 онд үндэслэгдсэн) хамгийн шилдэг довтлогч болсон билээ. 2002, 2004, 2005 болон 2006 онд лигийнхээ мэргэн буучаар тодров.

Түүний алдрын цуглуулгад 1998 онд түүний төрөлх эх оронд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль багтдаг. Үүнээс хоёр жилийн дараа триколорс Европын аварга болж, Конфедерацийн цом хүртэж, Анри ч цуглуулгаа арвижуулсан билээ. Үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан 100 гаруй тулаанд оролцож, 2007 оны аравдугаар сарын 18-нд Мишель Платинигийн тогтоосон 41 гоалын рекордыг эвдсэн байна.

Клубын түвшинд Арсеналтай Премьершипийн хошой аварга (2002, 2004), ФА цомын гурван удаагийн аварга (2002, 2003, 2005) болжээ. Хувийн амжилтаараа Европ тивийн мэргэн буучаар 2004, 2005 онуудад тодорч, хос алтан шаахайг эзэмших болсон юм.

Тэрээр Каталаны нэр төрийн төлөө тоглосон эхний улиралдаа л Эзэн хааны цом, Ла лиги болон Аваргуудын лигид нийт 19 гоал оруулсан нь багийн мэргэн бууч болгосон байна. Мөн тэрээр хамгийн олон оновчтой дамжуулалт өгөгчдийн нэг бөгөөд Франк Райкаардын удирдлага дор Ла лигийн 30 тоглолт оролцож, зүүн жигүүрийн довтлогчийн байрлалыг бүрэн эзэлсэн билээ.

Франк Райкаардтай өнгөрүүлсэн сүүлийн хоёр улирал нь багийн хамгийн чухал тоглогчдын нэгийг нь улам бүр баталж өгсөн. 2007-2008 оны улиралд Чави шилдэг тоглолтыг үзүүлж, өмнөх 2001-2002, 2003-2004 оны улирлуудад оруулж байсан 4 гоалаа бараг хоёр нугалсан

Гуардиолагийн анхны улиралд тэрээр зүүн жигүүрийн вингэрийн байрлалд баттай тоглох болж, 42 тоглолтод 26 гоол оруулан, гурван цом авахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.



Шигтгээ

Хурд, техник хоёр бол Анригийн үндсэн тодорхойлолт бөгөөд үр дүнтэй, уран тоглолтоор өөрийгөө бүрэн харуулж чаддаг. Тэрээр бөмбөг гайхалтай эзэмшдэг, туйлын ухаалаг хөлбөмбөгч гэгддэг бөгөөд талбай дээрх хамгийн чадварлаг тоглогчдын нэг билээ.

Хэдийгээр Арсен Венгерийн удирдлага дор төвийн үндсэн довтлогчоор тоглодог байсан ч өнөөдөр Барсагийн бүрэлдэхүүнд туслах довтлогч, зүүн жигүүрийн вингэрээр амжилттай тоглож байгаа билээ.


Гавъяа шагнал

Барселон багт

2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга

Арсеналд

2004-2005 ФА цомын эзэн
2004-2005 Коммьюнити шийлдийн ялагч
2003-2004 Премьер лигийн аварга
2002-2003 ФА цомын эзэн
2002-2003 Коммьюнити шийлдийн ялагч
2001-2002 ФА цомын эзэн
2001-2002 Премьер лигийн аварга

Монакод

1996-1997 Лиги-1 -ийн аварга

Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт

2006 Дэлхийн цомын дэд аварга
2003 Конфедерацийн цомын аварга
2000 Eвропын аварга
1998 Дэлхийн цомын аварга

Хувийн амжилтаараа

2005-2006 Премьер лигийн мэргэн бууч
2004-2005 Премьер лигийн мэргэн бууч
2004-2005 Алтан шаахай
2003-2004 Премьер лигийн мэргэн бууч
2003-2004 Алтан шаахай
2001-2002 Премьер лигийн мэргэн бууч



Дэлгэрэнгүй...

Барселона


Барселона
1899 оны 10 сард Швеицарийн иргэн Хуан Гампер тэргүүтэй Испани, Англи хэсэг нөхөд нэгдэн хөлбөмбөгийн клуб байгуулсан нь алдарт FC Barcelona клуб байлаа. Гампер Швэйцарь хүн байсан болохоор өөрий тоглож байсан Басель клубын хөх -улаан өнгийн хослолыг /Блауграна/ багийн үндсэн өнгө болгон сонгон авсан аж. Клубын логоны доод хэсэг байдаг хөх-үлаан судал нь клубын Блауграна өнгийг бэлгэдсэн гэж хэлж болно. Логоны дээд хэсэгт байрладаг загалмай болон босоо шар-улаан дүрс нь Барселон хотын далбаа аж. Өөрөөр хэлбэл энэ баг бол Барселон хот, Каталончуудын өмч юм шүү гэдгийг харуулж байгаа. FCB гэдэг нь Fъtbol Club Barcelona гэсэн утгатай бөгөөд 2006 оны аваргуудын лигт түрүүлсний дараа үсгүүдийн хооронд байсан цэгийг авч , бамбайн доод талын гурван үзүүрийг нэг болгож өөрчилжээ.
Дэлгэрэнгүй...

Месси 2016 он хүртэл Барсад


Лео Месси багтайгаа байгуулсан гэрээгээ шинэчилж, 2016 он хүртэл сунгалаа. Өөр баг Лео Мессиг худалдаж авахыг хүсвэл түүний Барсатай байгуулсан гэрээг 250 сая еврогоор авах боломжтой гэсэн заалт гэрээнд орж. Аргентиний одын цалин Барсад хамгийн өндөрт тооцогддог бөгөөд шинэ гэрээгээр цалин нь нэмэгдэж байгаа аж. Өмнөх гэрээ нь 2014 онд дуусахаар байсан бөгөөд Барса өнгөрсөн улиралд гайхалтай амжилт үзүүлснийхээ дараа гол тоглогчдоо гэрээг нь сунгах, цалинг нь нэмэх санал тавиад байсан юм.
Мессиг Италийн аварга Интер Милан байнга сонирхож байсан, Интерийн эзэн Моратти Мессигийн улаан фэн бөгөөд Мессигийн аав, түүний агентийн үүргийг гүйцэтгэдэг Хорхе Месситэй уулзсан гэсэн яриа гарч байлаа. Тоглогч Барсагаас явахгүй гэдгээ байнга л хэлдэг. Олон хөлбөмбөг сонирхогчид энэ жил Мессиг дэлхий, европын шилдгээр тодорно хэмээн найдаж байгаа. Хөлбөмбөгийн хаан Пеле саяхан түүнийг энэ жилийн ФИФА-ын дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох ёстой гэж хэлж. “Роналдиньо, Кака болон Роналдуд энэ шагнал өгсөн, одоо харин Месси үүнийг авна. Тэр одоогоор дэлхийн шилдэг нь” гэжээ. Мөн түүний багийг ирэх жилийн ДАШТ-д орно гэж итгэж байгаагаа хэлээд Аргентингүй ДАШТ-ийг төсөөлөхөд хэцүү байнгаагаа хэлсэн байна.

Дэлгэрэнгүй...

А.Иниеста ”Арсенал”-ын эсрэг тоглохгүй

Аваргуудын лигийн шөвгийн наймын гол тоглолтын нэгд тооцогдож байгаа Арсенал-Барселон багийн тоглолтод Каталоны багийн хагас хамгаалагч Андрес Иниеста оролцохгүй болжээ. Испанийн ла лигийн 29-р тойргийн хүрээнд Барселон, Майорка багийг 1:0-ийн харьцаатай хожсон юм. Тухайн тоглолтод оролцсон Иниеста баруун хөлийнхөө булчинг гэмтээн 51 дэх минутанд талбайг орхисон билээ. Түүний гэмтэл тийм ч хүнд биш ч гэсэн 10 хоног талбайд гарахыг нь эмч нар хоригложээ. Ингэснээр тэрээр Барса Арсеналтай хийх эхний тоглолтыг ямар ч байсан өнжиж 4-р сарын 6-нд болох хариу тоглолтыг хүлээхээс өөр аргагүй болжээ.
Дэлгэрэнгүй...