Wednesday, March 31, 2010
Лионель Андрес Мэсси
| Нэр: Лионель Андрес Мэсси Байрлал: Довтлогч Төрсөн газар: Санта Фе (Аргентин) Төрсөн огноо: 24/06/1987 Биеийн өндөр: 169 см Биеийн жин: 67кг |
|---|
Лионель Андрес Мэсси
Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн карер 1995 онд Невелс Олд Бойс-с эхэлжээ. Тэрээр 2000 он хүртэл тэндээ тоглосны дараа 13 настай бяцхан жаал азаа үзэж хүчээ сорихоор шийдэн Атлантийн далайг гаталж Барселонад ирэв. Ингээд 14 наснаас доошхи хүүхдийн багт элсэн орсон байна.
Хүүхдийн багийн нас насны түвшин бүрт Мэссигийн ур чадвар ер бусын хурдаар өсөн нэмэгдсээр Барса С, Барса Б, тэр ч бүү хэл үндсэн багийн бүрэлдэхүүнд хүрэх замыг тэрээр хамгийн богино хугацаанд туулан гарч ирсэн юм.
2003-2004 оны улиралд 16-хан насандаа 1-р багийн бүрэлдэхүүнд багтаж анхны тоглолтдоо оролцов. Энэ бол Портогийн Драгон стадионы нээлтэд зориулсан нөхөрсөг тоглолт байлаа. 2004 оны 10-р сарын 16-нд Барселонагийн дэрби Эспаньолтой Олимпик стадионд хийсэн тоглолтод оролцож албан ёсны тэмцээний гараагаа эхэлсэн бөгөөд баг нь 0-1 харьцаагаар ялсан билээ. Энэ улиралд Барселона лигтээ ялалт байгуулсан юм.
Үндсэн багийн хэд хэдэн тоглогчдын ноцтой гэмтлийн улмаас нөөц багаас цөөнгүй тоглогчид дуудагдаж байсан үед Мэсси багийн байнгын нэг хэсэг боллоо. 2005 оны 5-р сарын 1-нд тэрээр Албакете багийн эсрэг тоглолтод гоол хийж Барсагийн түүхэн дэх хамгийн залуудаа хаалганд бөмбөг оруулсан дээд амжилт тогтоож байв. Энэ үед тэр 17 нас 10 сар 7 хоногтой байжээ. Хожим нь энэхүү дээд амжилтыг Бояан эвдсэн юм.
Голландад болсон 20-с доош насныхны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлээд зогсохгүй гоолоороо тэргүүлж, шилдэг тоглогчийн шагнал хүртжээ. 18 настай хүү уг дэлхийн аваргын тэмцээн дэх эрдэнэсүүдийн нэг байлаа. Удалгүй тэрээр шигшээ багийнхаа бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо Унгарын багийн эсрэг хийсэн юм.
Мэсси үндсэн багийн тоглогчоор Жон Гамперийн цомын тэмцээнд Ювентүсийн эсрэг тоглож 2005-2006 оны улирлыг гайхалтай гүйцэтгэлтэйгээр эхэллээ. Түүнчлэн Сантиаго Бэрнабэу дэх 3-0 харьцаатай мартагдашгүй ялалт, Аваргуудын лигт Чэлсигийн эсрэг Стэмфорд Бридж-д болсон тоглолт зэрэгт чадварлаг тоглолт үзүүлжээ. Гэвч гэмтэл түүнийг улирлын сүүлийн дийлэнх үеийг талбайн гаднаас харахад хүргэсэн юм. Тэрээр лигийн 17, Аваргуудын лигийн 6, Копа Дель Рэй-д 2 тоглолтод оролцож нийт 8 гоол хийжээ.
Дараагийн улиралд Мэсси амжилтаа дээшлүүлж, өөрийн гоолуудаар дэлхийг дуу алдуулан алмайруулж эхэллээ. Тэдгээрийн нэг нь Эзэн Хааны Цомын төлөөх тэмцээнд Хетафе-н хаалганд хийсэн гоол юм. 2006-2007 улиралд хэдийгээр баг ямар нэг цом хүртэж чадаагүй боловч Аргентин залуу маань FIFA World Player Awards-т 2-р, Golden Ball-д 3-рт нэрлэгдлээ. 2007-2008 онд ахиц дэвшил нэмэгдсээр нийт 40 тоглолтод оролцож 16 гоол, 10 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй дуусгажээ. Тэрээр 2 дахь удаагаа FIFA World Player Awards-т дэд байр эзэллээ.
Үүнээс гадна Мэсси шигшээ багтаа байнга тоглож 2006 оны Дэлхийн Аваргын тэмцээнд оролцож, мөн 2007 оны Копа Америка-д финалд хүрсэн юм.
Шигтгээ
Мэсси бол ер бусын тоглогч билээ. Тэрээр маш бүтээлч, хамгаалагчдыг хялбархан давж гарах өндөр ур чадвартай, зүүн хөлтэй, төв болон 2 жигүүрээр, тэр ч бүү хэл бүр төвийн довтлогчийн байрлалд ч тоглох чадвартай тал бүрийн авъяастай тоглогч юм.
Мэсси үнэндээ намхан жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно.
Лео толгойгоор ч тун муугүй тоглодог бөгөөд шаардлагатай үед тэрээр хэд хэдэн төрлийн үүрэг өөртөө авч тоглох чадвартай гэж үзэж болно. Тэр бол хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяагдсан тоглогч билээ.
Гуардиолагийн анхны улиралд тэрээр өмнө яаж тоглож байсан яг л тэр янзаараа дэлхий нийтийг шагшуулсан уран тоглолт үзүүлсэн билээ.
Гавъяа шагнал
Барселон клубт
2006/07 Испанийн Сүпер цом
2005/06 Аваргуудын Лиг
2005/06 Лига
2005/06 Испанийн Сүпер цом
2004/05 Лига
2008/09 Аваргуудын лигийн аварга
2008/09 Ла лигийн аварга
2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга
Аргентиний Шигшээ багт
2004/05 Дэлхийн Аварга U-20
2008 Бээжин 2008 Олимпийн Аварга


No comments:
Post a Comment