Wednesday, March 31, 2010
Златан Ибрахимович
Ибра 2009 оны зун бидний хайртай тоглогчдын нэг Самуэль Этоотой солигдон Италийн алдарт Интер Милан клубээс ирсэн юм.
Златан Ибрахимович 1981 оны аравдугаар сарын 3-нд Шведийн Мальмё хотноо төржээ. Түүний эцэг Босни, эх нь Хорват үндэстэн байжээ. Өөрөөр хэлбэл Югослав гаралтай цагаачдын удам юм. Барсад нэгдэж байгаа Ибра бол Европын хамгийн аюултай довтлогчдын нэг бөгөөд ховорхон заяасан авъяаслаг нэгэн юм. Хувийн өндөр ур чадвараас гадна багийн тоглолтод сайн оролцдог нэгэн.
Ибрахимович Мальмё хотоосоо хөлбөмбөгийн замналаа эхлэж, 2001 онд Аякст ирсэн юм. Тэнд хожим Интэрт болон Барсад хамтран зүтгэх хувь зохиолтой Максвэллтэй хамтран зүтгэх болжээ. Тэнд өндөр зэрэглэлийн тоглолтод оролцох болж, хөлбөмбөгчнийхөө хувьд асар хурдан өсөн дэвжиж, орчин цагийн хөлбөмбөгийн хурц оддын нэг болох гараагаа тавьжээ. Энэ үед түүний дасгалжуулагчаар Барсагийн домогт тоглогч Роналд Коеман ажиллаж байсан юм.
Голландад гурван улирал өнгөрүүлж, Эрэдивизийн хошой аварга, цомын аварга, супер цомын даян аварга болсон юм. Түүний дараагийн клуб нь Италийн хамгийн аугаа багуудын нэг Ювентус байв. Фабио Капеллогийн удирдсан Ювентус клубт хоёр улирлыг үдэж, маш сайн тоглож байсан ч “Моггигэйт”-ийн хэргээр клуб нь доод дивизионд унаж, Ибра шинэ орон зай хайх болов. Златан Калчиогийн өөр нэг супер клуб Интер Миланы эгнээнд шилжлээ.
Интэрийн довтолгооны үндсэн хөдөлгүүр Ибра Калчиогийн гурван удаагийн аварга, Италийн цомын хошой аварга болсон юм. Тэрээр Манчини, Моуриньогийн үндсэн довтлогч бол Ибрахимович байлаа. 2009 оны долдугаар сарын 27-нд Ибрахимович Барсагийн бүрэлдэхүүнд багтах болсноо албан ёсоор зарлах ёслол Камп Ноуд болж, клубын түүхэн дэх хамгийн олон хөгжөөн дэмжигч ирсэн юм. 60000 фэнүүд Ибрахимовичийг клубын сүлдийг үнсэхэд халуун дотноор баяр хүргэж байв. Златан Шведийн шигшээ багийн түлхүүр тоглогч байсан төдийгүй эх орныхоо шилдэг тоглогчоор гурвантаа (2005, 2007 ба 2008) шалгарч байв.
Шигтгээ
Ибрахимович маш авъяаслаг нэгэн бөгөөд алмайрам гайхалтай гоолуудыг оруулж чаддаг, маш бүтээлч довтлогч юм. Тиймээс түүнийг Италид “Ибракадабра” хэмээн хочилдог.
Ибракадабра гайхалтай ур чадвар, хүчирхэг бие бялдартай. 192 см өндөртэй тэрээр агаарт сайн тоглодог, алсаас хүчтэй оновчтой цохиж чаддаг, хаалттай цохилтыг маш сайн гүйцэтгэдэг.
Товчоор хэлбэл орчин цагийн төвийн довтлогч, гоолын машины төгс хувилбар бол Швед эр юм. Өнгөрөгч улирал тэрээр Интер Миланы бүрэлдэхүүнд зөвхөн Сери А-д л гэхэд 25 гоол оруулсан юм.
Гавъяа шагнал
Интер Милан багт
2008/09 Сери A
2007/08 Сери A
2007/08 Италийн супер цом
2006/07 Сери А
2005/06 Италийн супер цом
Аяакс багт
2003/04 Эрэдивиз
2002/03 Голландын супер цом
2001/02 Голландын цом
2001/02 Эрэдивиз
Хувийн амжилтаараа
2009 Сери А-ын мэргэн бууч
2008 Сери А-ын шилдэг тоглогч
2008 Сери А-ын гадаадын шилдэг тоглогч
2008 Шведийн шилдэг тоглогч
2007 Шведийн шилдэг тамирчин
2007 Шведийн оны шилдэг тамирчин
2006 Сери А-ын гадаадын шилдэг тоглогч
2005 Шведийн шилдэг тоглогч


No comments:
Post a Comment